Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, энэ онд хийх зарим ажлын талаар хэлэлцжээ. Өмнөх хоёр шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 60 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай гарсан гэжээ

Үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,
- Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг чиглэлийн дагуу 618 барилгад хяналт шалгалт хийж, 2 барилгыг зогсоосон, холбогдох байгууллагууд зөвлөмж хүргүүллээ.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нөхөн тарилтыг хийж, хог хаягдалгүй орчин бий болгох үүрэг чиглэлийн дагуу 2026 онд 3062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээхээр тооцоод байна.
- Уурын зуух болон хийн түлшинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу өнөөдрийн байдлаар 3950 өрхийг дулаалж, 2717 өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулаад байна. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгана.
- Газар чөлөөлсөн талбайн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу Сэлбэ төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэж, цэвэрлэхээс 9 объектыг 100 хувь бүрэн дуусгалаа. Үүнээс гадна 5 айлын нэгж талбарыг бүрэн цэвэрлэж дууссан. Нийт ажлын гүйцэтгэл 57.2 хувьтай байна.
- Камерын хяналтын дэд төвүүдийн ажлыг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж, сүйтгэсэн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж, мэдээллийг тогтмол танилцуулах үүрэг чиглэлийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 3346 цэгийн 6655 ширхэг камерыг нэгдсэн болон дэд төвийн системд холбон ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбосон. Энэ онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөр шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөөд ажиллаж байна.
- Зөвшөөрөлгүй болон эвдэрч гэмтсэн, өнгө үзэмжгүй 27 самбарыг албадан буулгасан, 278 хаягийн зөрчлийг арилгахаар мэдэгдэл хүргүүллээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар НХААГ-ын дарга Батцэцэг танилцууллаа.
2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 373 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрээс 98 ажилд гэрээ байгуулах эрх олгосон бол 56 төсөл, арга хэмжээний тендерийн үнэлгээ хийгдэж байна. Мөн 151 төсөл, арга хэмжээнд тендерийн материал хүлээн авч байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах даалгаврыг өгөв.
- Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавьж ажиллах
- Орон сууцны хороолол дундах болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, автозамын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах
- Хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг өглөө.











