Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан авто зогсоолын хүртээмж нэмэгдүүлэх ажлын хүрээнд БГД-ийн 5, 6 дугаар хороонд ажиллалаа.

Тус байршилд зам дагуу буюу “on street” зогсоолыг хийхээр зураг төсөл гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоол гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хэллээ. Иймээс төлөвлөгдсөн зураг дээр бага зэргийн өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулна.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “10 дугаар хороолол орчим нь нийт 5 хороог хамардаг бөгөөд 40-50 мянга гаруй оршин суугчтай учраас ачаалалтайд тооцогддог. Тийм учраас энэхүү 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол нь чухал хэрэгцээтэй. Мөн тухайн хэсэгт дулааны шугам болон худаг байрладаг учраас бүхэлд нь асфальтаар хучилгүйгээр зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ.



