Манай улс 2019 он хүртэл нийтийн тээврийн салбартаа томоохон хэмжээний парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийслэлд бүртгэлтэй нийтийн тээврийн 277 хэрэгслийн 60 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай буюу стандартын шаардлага хангахааргүй болжээ. Нийтийн тээврийн чанар, хүртээмж муугаас болж нийслэлийн хүн амын 1/3 хүрэхгүй хувь нь автобусаар зорчдог. Иймд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувьд парк шинэчлэл хийх буюу 1134 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн. 2023 оны нэгдүгээр улиралд 224 автобусаар парк шинэчлэл хийн, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 106 чиглэлд 998 автобус үйлчилгээнд явж байна.
Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, 2019 онд сургуулийн 25 автобус, 2023 онд сургуулийн 50 автобус шинээр орж ирсэн. 2019 онд орж ирсэн 25 автобусны гурвыг нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус тус хуваарилжээ. Бусад 22 автобус нь төвийн зургаан дүүрэгт 22 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцолж байв. Энэ онд орж ирсэн 50 автобусыг холбогдох байгууллагууд руу хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд сургууль орчмын зураглал, хүүхэд зөөх маршрутыг төлөвлөсөн байна. Сургуулийн автобусаар үйлчилж буй 59 сургуульд 85207 хүүхэд суралцаж байгаагаас 23952 хүүхэд такси болон хувийн унаагаар үйлчлүүлдэг байсан бол харин сургуулийн автобус үйлчилгээнд явж эхэлснээр тус сурагчид автобусаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Ингэснээр авто замын түгжрэлийг 16.7 хувиар бууруулна гэсэн тооцоолол гарсан байна.
Мөн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автобус хүлээлгийн цагийг багасгаж, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс автобусны богино эргэлт, тусгай эгнээг бий болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.
Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир
“Түгжрэлийн эсрэг авах арга хэмжээнд нийтийн тээврийн салбарын зүгээс хэрэгжүүлэх нэг чухал ажил бол богино эргэлтийг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор, иргэдээс зорчигч урсгалын судалгааг авч, зарим гудамж замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар стратегийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбогдуулан автобусны дундаж хурд 8.6 км цагаас 12.3 км цаг болж өссөн байна. Нийтийн тээврийн хурд нэмэгдэхээр зорчигчийн урсгал ч дагаад нэмэгдсэн гэсэн үг. Мөн Яармагийн шинэ суурьшлын бүсээс Таван шар, Саппоро, Энхтайваны өргөн чөлөө рүү, Нисэхээс 3, 4 дүгээр хороолол хүртэл зэргээр тодорхой хэмжээнд богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийсэн. Нийтийн тээвэрт хамгийн урт чиглэлийн радиус дунджаар 50-60 км байдаг. Үүнийг 15 км хүртэл богиносгох судалгааг ч хийсэн. Цаашид шинээр ирж буй автобуснуудыг богино эргэлтийн үйлчилгээнд явуулж автобус хүлээх хугацааг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод нийтийн тээврийн зургаан эцсийн зогсоол байдаг. Эдгээрийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой аж ахуй нэгжүүд рүү менежментийг нь шилжүүлж, иргэд, жолооч нарт илүү тухтай, тохилог орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү автобусны зогсоол төлөвлөх, түүнд тохирсон чиглэл, маршрутын судалгааг үе шаттай хийж байгаа” хэмээв.