НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа танилцууллаа. Хуралдаанаар Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай буюу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцуулж, мэдээлэл өглөө.

НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Т.Батцогт “Нийтийн эзэмшлийн талбайд эрчим хүчний өндөр шон нэлээдгүй бий. Иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар анхаарч ажиллахгүй бол сул, боломжтой гэсэн газар болгон өндөр хүчдэлийн шон суурилуулаад байж болохгүй” гэсэн санал хэллээ. Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа “Бүсчилсэн хөгжлийн хороо эрчим хүчний эх үүсвэртэй холбоотой асуудлуудыг хариуцаж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай хорооны гишүүд бодлого тодорхойлогч Эрчим хүчний яамтай уулзаж, бодлогын тал дээр санал солилцох төлөвлөгөөтэй байна. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүдтэй холбоотой асуудлуудад газар дээр очиж танилцаж, ажиллахаар болно” гэдгийг онцлов.

үний дараа Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж төсөвт үйлдвэрийн газрын захирал У.Баатар танилцуулж, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүдэд мэдээлэл өглөө. Дээрх асуудлыг хэлэлцэж, хорооны гишүүд асуулт тавьж, санал хэлж, дараагийн шатны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
- Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай буюу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
- Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г батлах тухай