Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НЗД-ын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, Б.Сэмжидмаа, Э.Энхтөр, Г.Батсайхан нар өнөөдөр Баянгол дүүргийн иргэдэд Улаанбаатар -2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон түгжрэлийг бууруулах төслүүдийг танилцуулав. Жишээлбэл, Улаанбаатар метро, трамвай, тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус буюу BRT, Өөдөө тэмүүлэх ган татлагат гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр буюу LRT гэх 10 мега төслийг түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлнэ гээд, төслүүдийн явц, санхүүжилтийн эх үүсвэр, ажил эхлэх болон дуусах хугацааг иргэдэд танилцуулав.

НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар-2040 ерөнхий төлөвлөгөөнд туссанаар Баянгол дүүрэг хэрхэн хөгжих, өөрчлөгдөн шинэчлэгдэх талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулав. Ерөнхий төлөвлөгөөнд туссанаар Баянгол дүүрэг орон нутгийн зэрэглэлтэй 2 хот болж, худалдаа үйлчилгээ, залуучуудын соёл урлагийн хот болон хөгжих юм.
