Нүүр хуудасМэдээНИТХ: Хот байгуулалт, дэд бүтцийн хороо хуралдлаа

НИТХ: Хот байгуулалт, дэд бүтцийн хороо хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо хуралдлаа.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцож,  нийтдээ 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. 

Төсвийн тодотголтой холбоотойгоор Төлөөлөгч С.Эрдэнэбаярын Налайх, Багануур дүүрэг дэх үйлдвэр технологийн паркуудтай холбоотой зардлууд  төсвийн тодотголд туссан эсэх талаарх асуултад Нийслэлийн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын тасгийн дарга Б.Гантулга “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зураг төслийн ажилд 853 сая төгрөг тавигдсан. Үүнд үйлдвэр технологийн паркууд ороогүй. Харин Налайх, Багануур дүүргийн барилгын материалын үйлдвэр технологийн паркт Налайхад 7 тэрбум, Багануур дүүрэгт 800 сая төгрөг тус тус төсөвлөсөн. Эдгээр паркууд ашиглалтад орсноор 100 айлын барилгын материалын төвийг нүүлгэн шилжүүлж, замын түгжрэлийг  бууруулах ач холбогдолтой” гэсэн хариултыг өгсөн юм. 

Төлөөлөгч Л.Ариунтуяа өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороог гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбон, дахин төлөвлөлтийн зураг төсөл ТЭЗҮ-г хийсэн. Гэвч уг байршилд дахин зураг төсөл хийнэ гэсэн нь Нийслэлийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны бодлогын газар болон Ерөнхий төлөвлөгөөний газар хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байгааг дурдаад, хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллахыг сануулсан юм.  

Төлөөлөгч Ц.Раднаабазар, Б.Мөнхцэцэг нар автозам арчилгааны төсвийн хүрэлцээ, хангамжийн талаарх асуудлыг хөндсөн бол, төлөөлөгч Т.Отгонболд боловсролын салбарт тусгагдсан төсвийг танахын эсрэг байр сууриа илэрхийллээ. Харин төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Залуус” хороололд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал хэлсэн юм.  

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 17 буюу баасан гарагт хийнэ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН