Нүүр хуудасМэдээНИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул: Шинээр томилогдох боловсролын сайд... Сургуулийн захирлуудын томилгоог улс төрөөс...

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул: Шинээр томилогдох боловсролын сайд… Сургуулийн захирлуудын томилгоог улс төрөөс холдуулаад өгөөч

Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал дуусаагүй байгаа шүү! Энэ асуудлын учир шалтгаан, тэмцэх арга замын тухай өөрийн бодлыг хуваалцсаар байгаа.

Шалтгаанууд дотор сургуулийн орчин хамгийн их нөлөөтэй. Хуулиараа ч, сургууль хүүхдийг хамгаалах үүрэгтэй. “Нэгж сургуулийн үйл ажиллагааг сайжруулах нь боловсролын салбарт ахиц дэвшил гарахад хамгийн чухал” тухай мэргэжлийн хүмүүс дүгнэжээ. Тэгвэл сургууль удирдаж байгаа захирлуудын томилгоо УЛС ТӨРЧИЙН ТОМИЛГОО болоод удаж байна.

Боловсролын салбарынхан, багш нар үүнийг мэдэж л байгаа, дуугарах зориггүй л байгаа болохоос … Улс төрчид болсон, болоогүй салбартай холбоотой өөрийн сонгуульд ажилладагхүн, гэр бүлийн хамааралтай хүн, найз нөхдөө сургуулийн захирлаар тавих гэж үе үеийн Боловсролын сайд, Боловсролын газар, хэлтсийг шахаж, шантаажилдаг нь үнэн ш дээ.

Нэр бүхий улсын шашны гаж урсгалын номлолыг сургуулийнхаа хүүхдүүдэд оруулах гээд явж байсан сургуулийн захиралтай таарч байлаа. Юутай гунигтай вэ …

Одоо байгаа бүх томилгоо, сургуулийн захирлуудыг муу гэж хэлэхгүй. Сайн менежерүүд олон байна. Гэхдээ муу менежерүүд түүнээс олон байгаа учраас боловсролын чанар сайжрахгүй, дээрээ ямар ч бодлого шийдвэр гаргаад доороо буухгүй байна. Нэг тод жишээ нь үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдээд байгаа нөхцөл байдал юм.

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 332 сургуульд 405 нийгмийн ажилтан, 260 сэтгэлзүйч ажиллаж байна. Бүх сургууль нийгмийн ажилтантай, зарим сургууль сэтгэлзүйч байхгүй байна. Энэ мэргэжилтнүүдээ ажлыг нь хийлгэмээр байна, сургуулийн захирлуудаа ! Сургууль бүр “сэтгэлзүйчтэй сурагч уулзах тусгай өрөө”-тэй болмоор байна !

Сонгон шалгаруулалт нэрийн дор хүчээр тэнцсэн биш, хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг боловсролын менежерүүдийг сургуулийн захирлаар томилъё !

Бусад улс орнууд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа тухай судлаад үзэхэд, хамгийн түрүүнд сургуулийн орчинд ажиллаж байна. Сурагчид болон багш нарт дээрэлхэлтийн тухай ойлголтыг өгч, тогтмол хэлэлцүүлэг хийж, асуудал үүсвэл гэрчийг нууцалж, багш, эцэг эх, сурагчид хамтран шийдэх, дээрэлхүүлсэн болон дээрэлхсэн сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зэрэг бодит арга хэмжээг авдаг юм байна. Эндээс сургуулийн менежмент, сургуулийн соёл ямар чухал вэ гэдэг нь харагдаж байна. Түүнийг сургуулийн захирал хийдэг юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН