Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Юуны түрүүнд Хотын стандартыг баталж мөрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, үер борооны усны байгууламж, гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн дэд бүтэц, бие даасан инженерийн дэд бүтэц, дуу чимээний бохирдол, барилгын хийц, эдлэхүүн, техникийн талаарх нийт долоон бүлгийн 14 стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьсан юм.
Энэхүү төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллага, олон нийтээс санал авчээ. Улмаар оновчтой, үндэслэл бүхий саналыг төсөлд тусгасан гэж Хотын стандарт, хяналтын газраас танилцуулсан юм.
Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг ₮24 мянга
болгон шинэчлэхээр танилцуулав
Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгооор эзэнгүй муур, нохой устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах асуудлыг мөн өргөн барьсан. Энэ талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохой, муурны тоо ихэсч, нохой муурнаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх, хүн мал амьтан нохойд хазуулсан тоо өсөх хандлагатай байгаа аж. Золбин нохой муурны тоо буурахгүй, эзэнтэй нохой муурны зохицуулалт байхгүй байгаа нь иргэд нохойд хазуулах, бэртэх нөхцөлийг бий болгож байна. Азтай савар төрийн бус байгууллага, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүдээс “гэрийн тэжээвэр амьсны тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч байгаа. Тиймээс уг хуулийн төсөлд эзэнгүй нохой, мууртай холбогдох зохицуулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн аж. Нийслэлийн ИТХ-н 2016 оны 96-р тогтоолоор баталсан 12 мянган төгрөгийн зардал нь тус ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй, устгалын компаниуд алдагдалтай ажиллах болсон байна. Иймд уг ажлын нэгж тарифыг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, дизель түлш, сумны үнийн өсөлттэй уялдуулан тооцоо, судалгааг хийж 24,000 төгрөг болгон шинэчлэн батлуулахаар танилцуулсан юм. Захирагчийн ажлын алба танилцуулгадаа “2016 оноос хойш дизель түлшний үнэ 2.4 дахин, 1 хайрцаг сумны үнэ 5 дахин, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн” гэдгийг тодотгоод Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үнийн зөрүүг урсгал зардлаас шийдвэрлэн, гүйцэтгэгч байгууллагуудыг түр хугацаанд ажиллуулж байна гэсэн юм.
СХД-т “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ
Хуралдаанаар мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Толгойт олон нийтийн төв хэмээн нэрлэж буй энэ хэсэгт СХД-ийн 1, 2, 20, 22,34 дүгээр хороо хамрах бөгөөд 8086 өрхийн 27114 хүн хамрагдах юм. Эдгээр хороонд 43,305 хүн оршин суудаг бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хязгаарт 62.6 хуь нь орж байна. Төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрийн бүс болон тусгай зориулалтын, инженерийн шугам сүлжээ, зам тээврийн, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс байна. Нэгж хорооллын ерөнхий хугацааг эхний ээлжийн буюу 2021-2025 онд хэрэгжүүлэхээр тооцож байна. Улмаар 2035 он гэхэд инженерийн бие даасан шийдэл бүхий сайжруулсан амины сууцны хорооллыг бий болгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар зорьж байгаа юм. Энэхүү ажлыг бүрэн хэрэгжүүлэхйн тулд 2.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон. Хуулиар олгогдсон үүргийн хүрээнд улс, нийслэл, дүүргийн төсөл хандивлагч байгуулагуудын хөрөнгө оруулалтын хүрээнд 313.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай аж. Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, амбулатори, поликлиник бүхий эмнэлэг, кино театр, соёлын ордон бүхий нийгмийн дэд бүтцийг төлөвлөсөн байна. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэнэ.