Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бага тойруу орчим нь нийслэлийн түүхэн хөгжил, соёл, архитектурын өвийг хадгалсан онцгой хэсэг. Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх, иргэний амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байна. Бага тойруу орчимд хүн амын нягтралыг нэмэгдүүлэхгүй байх, гэхдээ хотын түүхэн соёл, өнгө үзэмжид уялдуулан барилгыг дахин төлөвлөх, шинээр барих барилгын өндрийг эцэслэх шаардлага байгаа. Иргэдийг тавтай амьдруулах үүднээс санал асуулгыг явуулж байгаа учир иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр хуралд Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны Бага тойруугийн хэсгийн 243.3 га талбайд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах талаар танилцуулсан. Энэ хүрээнд
- Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ хотын хүн ам, барилгажилтын нягтралыг тэнцвэртэй хөгжүүлэх.
- Барилга байгууламжийн барилгын өндрийг нарны ээвэрлэлт, барилга хоорондын зай хэмжээтэй уялдуулан шийдвэрлэж, өндрийн хязгаарыг тогтоох.
- Явган хүний зам, дугуйн замын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй өргөтгөл, шат довжоог буулгах.
- Хот байгуулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ хүн амын зохистой нягтралтыг авч үлдсэнээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, авто зогсоолын хүртээмжийг хадгалж авч үлдэх.
- Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийн зөвшөөрөлгүй өргөтгөл, зохимжгүй байгууламжуудыг буулгаж, анхны төрхийг нь нөхөн сэргээх талаар арга хэмжээ авах.
- Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийг хүчитгэх, чанарыг авч үлдэх талаар инженерийн шийдэл боловсруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлэх, иргэд, олон нийтээс санал авахыг нийслэлийн Засаг даргаас үүрэг болгоод байна.