Нүүр хуудасМэдээНогоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ

Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Байгаль хамгаалагчид энэ сарын  01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлсэн 9 тохиолдол, өнжмөл шар өвсөө шатааж байсан 15 тохиолдол, хог шатааж байсан 2, гагнуур хийсэн 26 тохиолдлыг илэрүүлж гал түймрийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Ногоон бүсэд амралт зугаалга хийж байсан 1900 орчим иргэн, 1130 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж уулнаас буулгасан. Хаврын хуурайшилтын хугацаа ирэх сарын 10-ны хүртэл үргэлжилдэг учраас иргэд олон нийтэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд ногоон бүсэд аялж зугаалах өнжмөл өвс болон хогоо шатаахгүй байхыг хүсч байна”гэв.

Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас цаг уурт зориудаар нөлөөлж үүл буудах хүсэлт явуулжээ. Мөн байгаль хамгаалагчид иргэн бүрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй агаарын чанарыг  харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 15 хувиар, PM2.5 тоосонцорын хэмжээ 46 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүхийн нүүрсийг хэрэглээнээс халж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Сайжруулсан шахмал түлшний түгээлт нийлүүлэлтийн хувьд зуны улиралд 94 борлуулалтын цэг ажиллах юм байна. Харин түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдаж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад орно гэдгийг Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэллээ.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын  мэдээллийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хүргэсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ төрлийн халдвараар АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи, Турк, ОХУ, Бразил зэрэг улс орнуудад хамгийн их өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 949 иргэн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төв болон Яаралтай түргэн тусламжийн 103 хариуцан ажиглаж байгаа аж.

Хаврын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан автозамын засвар үйлчилгээ хийгдэж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Хотын Захирагч С.Амарсайхан автозамын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу маш богино хугацаанд иргэдэд хүндрэл учруулахгүй хийж гүйцэтгэх чиглэлийг холбогдох газруудад өгсөн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо. Мөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч цаг хугацаандаа гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангахгүй удаашралтай явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг иргэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж мэдээллэж болох юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН