Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс анх удаа оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор “Оюутны менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.

Энэхүү хөтөлбөрийн сүүлийн шатанд 10 баг буюу 100 шилдэг оюутан шалгарч тэтгэлгээ хүртлээ.

“Оюутны менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгуулагдаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ү.Оюунзул, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга, Б.Сэмжидмаа, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Д.Батцогт, Э.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Ганбаяр болон төслийн уралдаанд оролцсон оюутан, залуус хамрагдсан юм.

Энэхүү хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.








