Нүүр хуудасМэдээНЦУГ: “Томчуудын мэдлэг - Багачуудын бамбай“ хамтарсан уулзалтад ЕБС-ийн 250 орчим нийгмийн...

НЦУГ: “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай“ хамтарсан уулзалтад ЕБС-ийн 250 орчим нийгмийн ажилтнууд оролцож, мэдээллээ хуваалцлаа

НИТХ, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран эцэг, эх, асран хамгаалагчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл энэ хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай “Томчуудын мэдлэг-Багачуудыг бамбай” сэдэвт хэлэлцүүлгийг /2025.10.10/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн, УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Будзаан нар мэдээлэл танилцуулж, ЕБС-ийн 250 орчим удирдлага, нийгмийн ажилтнууд туршлагаасаа хуваалцлаа.  

Хэлэлцүүлгийг нээж НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Хүүхдийг аливаа хэрэг, зөрчлөөс хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагч нарын мэдлэг, ойлголт их чухал гэдгийг цагдаагийн байгууллагаас судалгаагаар гаргасан. Хүүхдийг аливаа хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж томчууд бид болзошгүй эрсдэлийг хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулдаг, гарах уршгийг нуух биш хэлж, зөвлөдөг байх нь чухал. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хүүхэдтэй хамгийн их тулж ажилладаг ЕБС-ийн нийгмийн ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, цаашид юун дээр анхаарч, дэмжих үү гэдгээ хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж байна. Томчуудын мэдлэг нь багачуудыг хамгаалах бамбай юм гэдэг санал, санаачлагыг НЦУГ-ын удирдлагууд, Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс дэмжиж хамтран ажиллаж байна. Бид энэ арга хэмжээний үеэр гарсан шийдвэрлэх шаардлагатай саналуудыг бодит ажил болгохын тулд цаашид НИТХ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Өнөөдөр нийгмийн ажилтнууд бидний анхаарах маш олон саналуудыг хэлж байна. Хүүхдийн төлөө, гэмт хэргээс сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш юм. Хүүхдийн төлөө ажилладаг агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо гээд хамтын хариуцлагын үр дүнд бид хамгаалах, урьдчилан сэргийлж чадна” хэмээн онцоллоо.

НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн “Бүх шатанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар, НЦУГ, УСА хамтран Томчуудын мэдлэг- Багачуудын бамбай нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн хувьд ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтнуудтай мэдээллээ солилцож, цаашид анхаарах асуудлууд, яаралтай шийдүүлэх саналуудаа нэгтгэлээ. Сургуулийн орчинд хүүхэд ямар хэрэг, зөрчилд холбогдоод байна, сургууль энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ гэдэг чухал. Эхний есөн сарын байдлаар сургууль орчимд хүүхэдтэй холбоотой 119 хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь үе тэнгийн дээрэлхэлт, нэгнийхээ биед халдах асуудлууд гарсан. Сургуулийн нийгмийн ажилтнууд цагдаагийн байгууллагатай мэдээллээ сайн солилцох ёстой. Дараагийн үе шатанд хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзалтаа хийж, мэдээллээ солилцоно. Түүнчлэн хүүхдийн асуудал шийддэг хорооны хамтарсан баг их чухал. Бид энэ “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээнийхээ хүрээнд хорооны хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллээ цаг алдалгүй солилцох, шийдвэр гаргах түвшинд асуудлаа шийдвэрлэхэд анхаарна. Ингээд гурван үе шаттай хүүхдийн эрхийгн хангах үүрэг бүхий оролцогч талууудыг оролцоог нэмэгдүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид руу чиглэсэн ажлууд хийгдэх юм” гэлээ.

УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Будзаан танилцуулга мэдээлэлдээ “Хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн тодорхой хувь нь сургууль орчимд үйлдэгддэг. Хүүхэд хамгааллын хуулиар нийгмийн ажилтан нь томоохон үүрэг хүлээдэг. Монгол улсын 900 орчим сургууль дээр 870 мянган хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн сурах орчин дахь аюулгүй байдал, соён гэгээрүүлэх, мэдээллэх гол үүргийг хүлээж буй хүмүүс бол нийгмийн ажилтан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт төвийн 6 дүүргийн 250 орчим нийгмийн ажилтнууд хамрагдаж байна. Хүүхдийн хорт зуршил, үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, эд зүйлээ алдах зэргээс сэргийлж сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэх стандартыг мөрдүүлэх  чиглэлээр ямар ажлууд хэрэгжиж байгаа гэдэг дээр санал солилцож байна. Эцг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүд хооронд болсон асуудлыг нарийн няглалгүйгээр сургууль дээр очиж лайв хийх, багш, ажилтнуудыг доромжлох, нөгөө холбогдогч хүүхдийг үг хэлээр доромжлох, дайрах тохиолдлууд их гардаг. Нөгөө талдаа сургуулийн багт эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд хамтраад хүүхэд хамгааллын баг болоод ажиллаж байна. Хүүхэд хамгааллын хуулиар тус баг маань хариу арга хэмжээ авах, холбогдогч хүүхдүүдийг урьчдилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Монгол улсад хүүхэд холбогдсон хэрэг жилдээ 2500-2800 орчим бүртэгддэг. Сургууль орчимд жилдээ 100 гаран бүртэгддэг. Уг тоон үзүүлэлтээс харахад хамгаалах ажил сүүлийн жилүүдэд идэвхжсэнтэй холбоотой. Одоо хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо, идэвх маш чухал байна. Хүүхдийн хүмүүжил, харилцаа хандлагын байдал хэрэг, зөрчил гарахад их нөлөөлж байна. Тиймээс бид Томчуудын мэдлэг нь багачуудыг хамгаалах бамбай юм шүү гэдгийг сануулж буй” хэмээн онцоллоо.

Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга н.Алтанхундага хэлэлцүүлгийн үеэр   “Чингэлтэй дүүргийн хувьд жилдээ 700 орчим дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгддэг. 102, 107 тусгай дугаартай нэгтгэвэл дунджаар 3000 орчим дуудлага ирдэг. Хүчирхийллийг бие махбод, сэтгэл санаа, бэлгийн гэсэн төрлөөр ангилж, үзэж байгаа. Жил ирэх тусам дуудлага мэдээлэл өсөж байгаа. Нэг талдаа далд байсан мэдээлэл ил болж, илрүүлэлт нэмэгдэж байгаа үзүүлэлт байна. Жишээ нь хажуу айлынх нь хүүхдийг эцэг, эх нь зодлоо гэхэд хөршийн холбоо нь шууд мэдээллэж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эцэг, эх нь архины хамааралтай хүчирхийлэл нь нийт дуудлага мэдээллийн 70 орчим хувийг эзэлдэг. Нарантуул 2, Хүчит шонхор зах, 7 буудал, Нарлаг дэнж худалдааны төв орчмоор архидан согтуурах, түүнтэй холбоотой хүчирхийллийн хэрэг их гардаг. Манай дүүрэг гурван төрлөөр шуурхай хариу тусламжийн үйл ажиллагаа үзүүлдэг. Түр хамгаалах байртай. 2022 оны байдлаар түр хамгаалах байр 451 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бол өнгөрсөн онд 202 хүүхдэд түр хамгаалах үйлчилгээ үзүүлсэн. Дуудлага мэдээлэл их байгаа ч хамгаалуулах хүүхдийн тоо буурч байнаа гэдэг нь эрсдэлийн түвшин бага байнаа гэж харж байгаа. Сургууль болгон дээр хүүхэд хамгааллын баг гэж байдаг. Сургуулийн, хорооны, дүүргийн багуудыг бодлогоор нэгтгэх зорилготой” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН