Манай улсад аливаа зүйл шударга явагддаггүйн жишээ олон. Тэр энэ гэж хэлүүлэлтгүй олон нийт энэ сэдвийг сайн мэднэ. Тэгвэл сүүлийн үед амьдралын боломжгүй иргэдэд олгодог хүнсний талон эзэндээ очдоггүй тухай шуугих болсон. Үүнийг холбогдох яам нь анхаарч тодорхой хязгаарлалт тогтоох болсон юм. Үүний дагуу хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 8,475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах жагсаалтаас хассан байгаа юм. Асуудлын гол нь үүний цаана жинхэнэ эзэд нь орхигдохвий гэсэн болгоомжлол. Ийм хэмжээний боломжийн хүмүүст хүнсний талон олгодог байсан гэхээр манай улсын тогтолцоо систем хэлэхэд хэцүү л байж таарлаа.
Энэ тухайгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилж, төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1,435 өрхийн 8,475 иргэнийг хассан.
Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу Conditional social transfer/Германы жишээ авсан/ нэвтрүүллээ.
Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.
Мөн жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна” хэмээн өөрийн нүүр номонд бичсэн байна.
Харин нэг олзуурхаж байгаа өөрчлөлт нь хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэрээт дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгохоор НӨАТ-ын и-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээсэн байна. Энэ асуудал ч гэсэн өмнө нь шударга бус явагдаж байсан жишээ олон. Хөдөлмөр халамжийн газар ажилладаг эсвэл хамаарал бүхий байгууллагад танил талтай хүмүүс нь зөвшөөрөл аваад дэлгүүртээ өдрийн орлогоо хийж суудаг гашуун үнэнг ч сонсож явлаа. Ямартай ч асуудлуудыг эхнээс нь цэгцэлж байгаа бололтой. Гэхдээ л нэг өрөө байргүй, нэг ч машингүй, 199 мал ч үгүй би энэ талоных нь барааг ч хараагүй юмдаг.