Коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж байгаа энэ үед манай улсад сүүлийн үед маскны хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг албаныхан хэлж байна. Тэгвэл Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөлсөн байна.
Тодруулбал, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж байгаа юм. Гадаадад амьдарч буй монголчуудын зүгээс олон тооны амны хаалт эх орондоо явуулах гэсэн боловч гаалийн татвар төлөх шаардлага үүссэн учраас хил нэвтэрч чадахгүй байх асуудал үүсээд байсан юм.
Мөн гаалийн байгууллагаас коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.