Итали улсын иргэн, 36 настай эрэгтэй нэг өдрийн дотор Covid-19, сармагчны цэцэг, Дархлалын Олдмол Хомсдол (ДОХ) өвчнөөр зэрэг оношлогдсон ховор тохиолдлын талаар өчигдөр “Journal of Infection” анагаах ухааны сэтгүүлд мэдээлжээ.
Үүнийг дэлхийд анхны тохиолдол байж болзошгүй гэж судлаачид онцолсон байна. Испани улсад аялж ирснээс нь хойш ес хоногийн дараа тухайн хүнээс халуурах, хоолой болон толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байжээ.
Долдугаар сарын 2-ны өдөр түүнээс авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Гэвч удалгүй түүний зүүн гараас тууралт эхэлж, цаашлаад нүүр, бие, хөл дээр нь цэврүү гарсан байна.
Цэврүүнүүд улам нэмэгдэж, идээт үрэвсэл болох үед өвчтөн Италийн Катаниа хотын эмнэлэгт хүргэгджээ.
Улмаар долдугаар сарын 6-ны өдөр түүнд Covid-19, сармагчны цэцэг, ДОХ гурван өвчин зэрэг туссаныг баталсан байна. Өвчтөн Испанид аялж байхдаа эрэгтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрчээ.
Түүний өвчний түүхийг шалгахад 2019 онд тэмбүүгээр өвчилж, 2021 оны есдүгээр сард өгсөн ДОХ-ын шинжилгээнийх нь хариу сөрөг гарч байсан байна.
Гурван өвчний вирус зэрэг халдварласан тохиолдолд ямар онцгой шинж тэмдгүүд илэрдэг, вирусүүд нэг нэгэндээ хэрхэн нөлөөлдгийг судалж байгаагаа эрдэмтэд мэдээлжээ.
Өвчтөний биеийн байдал түргэн сайжирсан тул цөөн хоногийн дараа эмнэлгээс гаргаж, гэрт нь тусгаарласан тухай мэдээлсэн байна.
Covid-19, сармагчны цэцэг өвчний шинж тэмдгүүд арилсан тул одоо ДОХ-ын эсрэг эмчилгээ эхлүүлж, dolutegravir, abacavir, lamivudine зэрэг вирусийн эсрэг эмүүдийг өвчтөнд уулгаж байгаа ажээ.
Эх сурвалж: Business Insider