Нүүр хуудасМэдээНӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг...

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч, 100,000 гаруй иргэн 6 хоногт дэмжээд байна

Ц.Бат: Өндөр татвар хувьсгал руу чирнэ гэж мэдээрэй

Удахгүй УИХ-ын чуулганд танилцуулах товтой байгаа уг асуудлаар иргэд, судлаачид хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Нийгмийн сүлжээнд БАТИНЖЕНЕР нэрээр танигдсан иргэн Ц.Бат дараах байр суурийг илэрхийлжээ.

НӨАТ анх үүсэхдээ л орлого бүртгэх хөшүүрэг болж гарч ирсэн болохоос нэмэлт татвар болж гарч ирээгүй. Буцаан олголтоо авахын тулд худалдан авалт хийж бгаа талын шахалтаар худалдагч тал орлогоо бүртгүүлэх механизм бол НӨАТ. НӨАТ-гүй болвол бусад татварт ноогдох орлого бүртгэгдэхээ бараг болино. Гэхдээ НӨАТ их байх нь худалдааг хумина. НӨАТ их, буцаан олголтын хувь бага байх нь НӨАТ-аас бултах үзэлдлийг хавтгайруулна. Сангийн яам нь НӨАТ-ын олз хөөж явж гол татварын орлогоо алдах аюул ингэж үүсдэг. Монголд НӨАТ 5% буцаан олголт 2% байхад бүх гүйлгээ (transaction) бүртгэгдэж орлогын албан татварын хэмжээ өндөр байх боломж бий. Манай Сангийн яамныхан НӨАТ-ын багахан олзны араас хөөцөлдөж байж улс орны гол татвар болох ашгийн татварын том орлогоо хорлоод байх шиг байна. Монголд НӨАТ бүрэн утгаараа ч ажилладаггүй. Учир нь боомтууд дээр НӨАТ-аа буцаан авч байгаа жуулчин нэг ч хараагүй. НӨАТ-ыг явуулын хүмүүст 100% буцаан олгодоггүй улсад жуулчлал хөгжих, жуулчид ЖДҮ-ийг хөгжүүлэх хэмжээний худалдан авалт хийхээр олон саяараа ирэх гэдэг бол бараг үлгэр шүү. Дараагийн сонгуулийн улс төрийн гол сэдэв бол НӨАТ, НДШ 2 байх ёстой. Энэ 2 л улс оронд ажлын байр нэмэгдэх хорогдохыг шийддэг. Ажлын байрны тоо ядуурлын асуудлыг шийддэг. Ядуурлын үзүүлэлт нийгмийн тогтвортой байдлыг шийддэг. Өөрсдөө л шийд. Өндөр татвар хувьсгал руу л чирнэ гэж мэдээрэй.

Ч.Батчимэг: НӨАТ-ын урамшууллаа нэмэгдүүлэх нь ЗГ-т ашигтай

Татварын зөвлөх Ч.Батчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Засгийн газар биднээс авах ёстой НӨАТ-аа хуулиар далайлган авч чадаж байна. Харин НӨАТ төлөгч бид хоорондоо баримт нэхэн хэрэлдэж, илүү шудрага нэгэн нь бусдынхаа төлөөгүйг нэмж төлж хохирч байна. Тэгэхээр л нөгөө НӨАТ суутган төлөгчид маань төлөх НӨАТ-аа бага байлгах бүх боломжийг хайхаас аргагүй байдалд орж хууль зөрчиж байна шүү дээ. Цөөн шударга татвар төлөгчийн нуруун дээр НӨАТ-ын ачаалал илүү ирж байна . Хэрвээ НӨАТ бүгд төлдөг бол ирэх ачаалал жигд хуваарилагдана. Ачааллыг зөв хуваарилах ёстой. Жавхлан сайд “Жоомоо алах гээд байшингаа шатаав аа” гэж анхааруулжээ. Яг үнэндээ “байшингаа шатаах” алхамаа тэд л хийгээд байгаа. Урамшуулал авч буй иргэдийн 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг учрааас төсвөөс буцаан авах урамшуулал хэрэгцээт бүлэгтээ хүрэхгүй, зөвхөн өндөр дүнтэй худалдан авалт хийдэг цөөн хэдхэн нөхдүүдийн урамшуулал нэмэгдэнэ гэсэн тайлбар өгч байна л даа. Энэ тайлбар нь нөгөө баян хэсгээ үзэн ядах, тэднийг буруутгах үзлийг нийгэмд түгээж иргэдийн дунд яс хаяж, талцуулж буй муйхар арга санагдана. Илүү их худалдан авалт хийсэн бол энэ хувь хэмжээ дагаад өсөх нь гарцаагүй. НӨАТ-ын хувь хэмжээ бууруулснаас урамшууллаа нэмэгдүүлэх нь Засгийн газарт ашигтай. Иргэдэд урамшуулал өгснөөр далд эдийн засгаа илрүүлэх хөшүүрэг болгож, иргэн бүрийг татварын байцаагч болгож байна л гэсэн үг шүү дээ. Гэтэл 2 хувийн урамшууллаар энэ үүргийг биелүүлэх хүсэл үгүй болж байна. Тэд “дээрээ өчнөөн тэрбумаар идээд ямар ч гэм зэм хүлээхгүй байхад бид 2 хувь авахын тулд төлбөрийн баримт авах гэж шаардснаас 10 хувиа хасуулж авья” гэсэн сонголтыг хийж байна. Ингэснээр нөгөө шудрага суутган төлөгч илүү ихээр татварын ачаалалд өртөх боллоо. Тиймээс тэд орлогоо шилжүүлэх замаар НӨАТ-аас зайлсхийх аргыг өргөн нэвтрүүлж байна. Энэ нь иргэдэд очих урамшууллыг байхгүй болгож зөвхөн сугалаанд оролцох боломж үүсгэж төлбөрийн баримтын ач холбогдлыг бууруулж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН