Нүүр хуудасНийтлэлНөхөн сонгуулийн прогноз...

Нөхөн сонгуулийн прогноз…

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулж 62, АН 11 суудал авч, бие даагч болон эвслээс гурван нэр дэвшигч сонгогдсон. Тэр дундаа СХД-ийн 3 мандаттай 28-р дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид багаараа ялалт байгуулсан. Тодруулж хэлбэл, Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүнээр ч ажиллаж байсан Д.Сумъяабазар хотын дарга болсноор тойрогт нь нөхөн сонгууль явагдахаар болоод байгаа.   

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаас хотын даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал. УИХ-ын гишүүн хүн хотын дарга болж, гишүүний албанаас чөлөөлөгдсөнөөр нөхөн сонгуулийн асуудал олны анхаарлыг татаж байгаа юм. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт ирэх зургадугаар сард нөхөн сонгууль явагдах нь ч тодорхой болж байна.

Тэгвэл томсгосон тойргийн том мандаттай энэ хэсэгт хэн хэн нэр дэвших бол…

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, “Та бидний эсвэл”-ээс Э.Батшугар, АН-аас Үндэснийй үйлдвэрлэгч Г.Очирбат, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай гээд олны танил хүмүүс өрсөлдсөн байдаг. Харин нөхөн сонгуульд эдгээр эрхмүүд дахин оролцох болов уу гэсэн таамаг ч олны дунд байгаа. Ямар сайндаа л Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар өрсөлдөөд ялалт байгуулж чадахгүй бол ёстой л СӨХ-ны даргын сонгуульд л нэрээ дэвшүүлэх л үлдэх байх гэсэн хошигнол ч цахим орчинд яваад эхэлсэн. Тэд хэн хэнийгээ нэр дэвших бол гэсэн ажиглалтын байдалтай байгаа ч өнгөрсөн сонгуульд нэр дэвшсэн эдгээр эрхмүүд дахин өрсөлдөх магадлал тун өндөр юм.

СХД-ийн хувьд хамгийн их улс төржсөн, халамж хавтгайрсан дүүрэг гэж ярих нь ч, шүүмжлэлд өртөх нь ч бий. Тэр ч утгаараа МАН-аас бусад нам, эвслийн нэр дэвшигчдэд бараг боломж өгөхгүй, ширүүхэн өрсөлдөөнтэй тулгардаг.

Тэгвэл энэ удаад их хуралд төлөөлөл болгож сонгосон хүн нь Хотын дарга болсон учир дахин МАН-аас сонголт хийх үү, эсвэл өөр сонголт уу гэдэг асуулт 28-р тойргийн сонгогчдод тулгарч байгаа болов уу. Ямартай ч нөхөн сонгуулийн прогнозыг харвал Х.Бат-Ялалт, С.Мөнхчулуун, Г.Очирбат нарын дунд хүчтэй өрсөлдөөн явагдах нь тодорхой.  Харин хэн сонгогдох вэ? гэдэг нь гол асуудал юм. УИХ-ын хуралд ганцхан суудалтай нам эвслээс байх уу? бие даагч байх уу. Эсвэл их хуралд 11 суудалтай АН байж сөрөг хүчний үүргийг хүчтэй гүйцэтгэх үү гэдэг сонин. АН-аас СХД-ийг төлөөлөх гишүүн гарвал дүүрэгтээ ч, их хуралдаа ч сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нь мэдээж. Энэ удаагийн их хурлын гишүүдийг харахад АН-аас тэр гэж онцгойлох хүн хуруу дарам цөөн гэдэгтэй марган хүн ч байхгүй. С.Одонтуяа л намынхаа нүүрийг талхалж, их хуралд сөрөг хүчний үүргээ сулхан биелүүлж байгаа нь ч үнэн.

Энэ ч утгаараа Ардчилсан нам нөхөн сонгуульд хүч хаях нь мэдээж. Түүнийг дагаад Г.Очирбат намаасаа нэр дэвшин нөхөн сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН