Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бооцоот тоглоомын 1XBET сайтаар дамжуулан манай улсаас 2024 онд 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентуудаар дамжин гадагш гарч, Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлийг дагуулж, үндэсний валют хяналтгүйгээр гадагш урсаж, манай улсын эдийн засагт хохирол учруулж байгаа тул эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байна.
Гадаад улс орнуудын цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар 2024 оны 09 дүгээр сард гаргасан жагсаалтад манай улстай нийгмийн үнэлэмж, соёл, уламжлалын хувьд ижил төсөөтэй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд, нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байна.
Хууль бус гэж тооцсон улс орны тоонд Япон, БНСУ, БНХАУ, Тайланд (морин уралдаанаас бусад), Вьетнам, Индонез, Малдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улс орныг дурдаж болно. Мөн мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хууль бус гэж тооцсон 18, хүлээн зөвшөөрсөн 15, хэсэгчилсэн 8, зохицуулалтгүй 4, зөвхөн Засгийн газар нь зохицуулдаг 1 улс байна. Япон, БНСУ, Сингапур зэрэг улс орнууд уламжлалт мөрийтэй тоглоомын зарим хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг байна.
Иймд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгодог төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасахаартусгасан.
Хуулийн төслийг дагаж Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлэн 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр сонголттой байхаар заасан.
Мөн төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэлхугацаагаар хорих ял шийтгэхээр ялгамжтай тогтоосон.
Түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлэн 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Мөн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
Өөрөөр хэлбэл, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 5-10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгохоор заасан.
Мөрийтэй болон бооцоот тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом сурталчлах, эсхүл цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд гаргаж өгч, хөрөнгийг царцаах талаар тусгалаа.