Улсын их хурлын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажлаа тайлагнаж яваа. Гэхдээ сонгуульд нэр дэвшигчид ажлын тайлан болон ямар нэгэн байдлаар сурталчилгаа хийхийг хориглосон хуулийн заалттай байдаг. Тэгвэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатыг Ховд аймагт Засгийн газрын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа нь Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэж мэдээлсэн бол Н.Цэрэнбатын зүгээс Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ.
Н.Цэрэнбат: Миний бие Монгол Улсын ЗГХЭГ-ын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсгийн гишүүнээр Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад энэ өдрүүдэд ажиллаж байна. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уг ажлыг сонгуулийн сурталчилгаа хийн хууль зөрчиж байна зэргээр санаатайгаар олон нийтэд буруу, ташаа мэдээлэл өгч байгаа тул залруулга хийн холбогдох ЗГХЭГ-ын албан бичгийг хавсарган хүргэж байна.
Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж, СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ болохоо илэрхийлье” гэж мэдээлжээ.

