Онцгой байдлын ерөнхий газраас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгож, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулан ажиллаж байна.
Тус хяналтын хуудас бүхий асуумжийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байршуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар /2025.08.28/ улсын хэмжээнд 11815 байгууллага, 18092 өрх, 35954 иргэн буюу нийт 65865 хүн хандаж, аюулгүй байдлаа шалган, анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Аюулгүй байдлаа хангах өдрийн хүрээнд хяналтын хуудсыг бөглүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх энэхүү ажилд Орхон, Баянхонгор, Завхан аймгууд тэргүүлж байна.
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаалах тул өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт тогтмол хянаж, холбогдох тухай бүрт хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Мөн тус үйлчилгээг “И Монголиа” апплейкшны “Онцлох цэс” булангаас авах боломжтой юм.