Нүүр хуудасМэдээОБЕГ: Бүсийн хэмжээнд тохиолдсон гамшгийн үед бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ

ОБЕГ: Бүсийн хэмжээнд тохиолдсон гамшгийн үед бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран Дорнод аймагт энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулсан “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны хаалтын арга хэмжээ боллоо.

Хаалтын арга хэмжээнд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын ажлын хэсгийн ахлагч, хошууч Марл Пасиби, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцсон юм.

Бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ “Гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ нь төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, холбоо, зарлан мэдээллийг бий болгох, нөөцийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог юм.  Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах зохицуулалтыг төгөлдөржүүлэх бодлогын хүрээнд “Говийн чоно” арга хэмжээг дэмжиж, 10 дахь жилдээ зохион байгууллаа. Гамшгийн хор уршгийг арилгах сургалт, дадлага, туршлага солилцох олон улсын сургуулиар манай оролцогч нар үндэсний болон орон нутгийн түвшинд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах, дотоод бүтэц зохион байгуулалтаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцан ажиллагаа зохион байгуулах, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр туршлагаа хуваалцахаас гадна аврагч, гал сөнөөгч, эмч, мэргэжилтнүүд ур чадвараа нэмэгдүүллээ. Мөн бүсийн хэмжээнд тохиолдсон хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах,орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхийг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж, бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ. Олон улсын сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг-Номхон далайн хуурай замын цэргийн командлалын удирдлага, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 14 улсын төлөөлөл болон яам, агентлаг, хамтрагч байгууллагын оролцогч, Дорнод аймгийн удирдлага, иргэд, олон нийтэд талархлаа илэрхийлье” гэлээ.

“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн оролцогчдод гэрчилгээ болон дурсгалын медальоныг гардуулж, талархалаа илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН