Нүүр хуудасМэдээОБЕГ: Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 буюу 53,4% нь...

ОБЕГ: Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 буюу 53,4% нь иргэний санамсаргүй байдлаас, 5538 буюу 36,2% нь цахилгаанаас, 1591 буюу 10,4% нь бусад шалтгаанаас үүдэн гарсан байна

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар мэдээлэл өгсөн юм. Хурлаар өгсөн мэдээллээс товчлон хүргэе.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг:  Монгол Улсын Засгийн газрын 303, 78 дугаар тогтоол буюу “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийг батлуулсан. Энэхүү удирдамжийг батлуулсан нь сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, иргэн бүр “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон хэвшүүлэх зорилготой юм. Ингэж хэвшсэнээр иргэн бүр гал түймэр, гамшиг, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 удаа буюу 53,4% иргэний санамсаргүй байдлаас, 5538 удаа буюу 36,2% цахилгаанаас, 1591 удаа буюу 10,4% бусад шалтгаанаас үүдэн гарсан байна. Иргэдийн санамсаргүй байдлаас үүдэн гарсан гал түймрийг дотор нь ангилж үзвэл лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 32,5%, ил задгай гал, үнс нурмаас 37,2%, пийшин, зуух, яндангийн цонолтоос 24,6% зэрэг шалтгаанууд ихэнх хувийг эзэлж байна.

Өвлийн улиралд гарч байгаа гал түймрийн ихэнх хувь нь байшин, гэрт тохиолдож байгаа бөгөөд эдгээр объектод гарсан гал түймрийн дийлэнх шалтгаан нь пийшин зуухны яндангийн цонолтоос шалтгаалж байна. Мөн цогтой үнс нурам ил задгай асгах, хөлдсөн автомашин болон бусад эд зүйлсийг халаах, гэсгээх зорилгоор ил гал, газ, бамбар зэргийг ашигласнаас үүдэн гал түймэр гарах тохиолдол өндөр байна.

Цахилгаанаас үүдэн гарсан гал түймрийн 2559 удаа буюу 46,2% -ийг ашиглалтын буруугаас, 2021 удаа буюу 36,5%-ийг угсралтын буруугаас, 958 удаа буюу 17,3%-ийг техникийн гэмтлээс шалтгаалсан байна.

Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй муу уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслүүдийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийж богино холбоос, шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг шалтгаанууд нь цахилгаан ашиглалтын нийтлэг шалтгаанууд болж байна. Мөн цахилгаан угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж, гүйцэтгэж байгаа нь угсралтын буруугаас үүдэн гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Улсын онцгой комиссын даргын 2024 оны 01 дүгээр тушаалаар “Шатахуун, хий зэрэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа нь хууль эрх зүйн болон стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх, батлагдсан стандарт, норм, дүрэм нь аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг” 17 байгууллагын 37 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажилласан.

Тус ажлын хэсгээс авч авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын онцгой комиссын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгаврыг өгсөн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12.1 мянган малчин өрх 5.2 сая толгой малтай отор нүүдэл хийдэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 12 аймагт 8,015 толгой мал хорогдсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН