Нүүр хуудасМэдээОБЕГ: Г.АРИУНБУЯН: УУР АМЬСГАЛААС ҮҮДЭЛТЭЙ ГАМШИГ, ОСЛЫН ТОО, ДАВТАМЖ НЭМЭГДЭЖ БАЙГАА УЧРААС...

ОБЕГ: Г.АРИУНБУЯН: УУР АМЬСГАЛААС ҮҮДЭЛТЭЙ ГАМШИГ, ОСЛЫН ТОО, ДАВТАМЖ НЭМЭГДЭЖ БАЙГАА УЧРААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ БАГАЖ, ХЭРЭГСЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА

Онцгой байдлын даргатай ярилцаж байгаагийн хувьд Монгол Улс аливаа гамшигт үзэгдэлд бэлэн байна уу? Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь нэн тэргүүний үүрэг ч өнгөрсөн зун нийслэлд болсон үер усны гамшигт үзэгдэл томоохон “шалгалт авлаа” шүү дээ?

-Гамшгийн үеийн бэлэн байдал гэдэг нь өөрөө өргөн том агуулгатай. Хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм журам, салбар дундын уялдаа холбоо, түүний хэрэгжилт, иргэдийн оролцоо зэргээр хөндөгддөг. Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 19 жил болж байна. Өмнө нь гал түймэртэй тэмцэх, иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн гэсэн гурван байгууллага тусдаа чиг үүрэг гүйцэтгэдэг байсан. Олон улсын чиг хандлага, нөхцөл байдал нь өөрчлөгдөхийн зэрэгцээ гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо руу шилжсэн. Үүнээс үүдэж бие даасан чиг үүрэгтэй байгууллага байх ёстой гэж үзсэнээр УИХ холбогдох хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, Гамшгаас хамгаалах хуулийн хүрээнд Онцгой байдлын байгууллагыг байгуулсан. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад мэргэжлийн боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж сайжирсан. Дэлхий нийтэд тохиолддог 40 гаруй аюулт үзэгдлээс 10 орчим нь Монгол Улсад зонхилдог. Ган, зуд, хүчтэй салхи шуурга, хүн малын гоц халдварт өвчин, ой хээрийн түймэр зэргээр. Эдгээр аюулт үзэгдэл болсон тохиолдолд хор уршгийг нь арилгах, хариу арга хэмжээ авахад онцгой байдлын алба хүн хүч, техникийн бүрэн байдлыг хангаж оролцдог.-Тэр нь бүрэн хангагдаж чадаж байна уу?-Яг бүрэн хангагдсан гэж хэлэх боломжгүй. Учир дутагдалтай. Зайлшгүй анхаарах хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, хүний нөөц. Онцгой байдлын алба нийслэл, 21 аймагт салбар нэгжтэй. Бие бүрэлдэхүүний сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах нь сургалт, хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу явдаг гэсэн үг. Хоёрдугаарт, техник тоног төхөөрөмжид сүүлийн жилүүдэд төрөөс анхаарч ирлээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч үе шаттайгаар сайжруулах чиглэлийг барьж байна. Зөвхөн төсөв гэлтгүй гадаадын зээлийн зохицуулалтаар техник тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлдэг. Эндээс хэлэхэд 57 орчим хувийн техникийн хангамжтай байна. Алба хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэглэл 37-40 хувьтай. Хамгийн сул нь холбооны бэлэн байдал буюу зарлан мэдээллийн систем 26-28 хувьтай.-Албаны бэлэн байдлыг энэ хүрээнд авч үзнэ гэсэн үг үү?-Тийм ээ. Энэхүү чадавхийг аль болох сайжруулах талаас нь анхаарч байна.-Зарлан мэдээлэх, холбооны бэлэн байдал нь дөнгөж 26-28 хувьтай байна гэдэг маш хангалтгүй үзүүлэлт юм биш үү? Ийм бага хувьтай байгаа нь юутай холбоотой вэ?-Төсөв, санхүүгээс шууд хамаарах асуудал. Онцгой байдлын албыг байгуулаад 20 гаруй жил болох гэж байна. Жилдээ улсын хэмжээнд 4000 орчим аюулт үзэгдэл бүртгэгддэг. Ажил, мэргэжлийн хүрээнд 3800 гаруй хүний амь насыг аварч, аж ахуйн нэгжийн 110 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалдаг. Жил тутамд гэсэн үг шүү. Уг нь 2011 онд БНСУ-дашигладаг зарлан мэдээллийн системийг Монгол Улсад нэвтрүүлсэн байдаг юм. Амжиж анхааруулах төслийг Засгийн газраас хэрэгжүүлсэн хэрэг. Харин өнөөдөр энэхүү систем нь техник технологийн хувьд хоцрогдсон. Сэлбэг хэрэгсэл нь ч олддоггүй, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Тухайн үед нийслэлд 60 цамхаг байрлуулсан. Үүний 80 гаруй хувийг ашигладаг. 20 хувийг нь огт ашигладаггүй. Улаанбаатарт өндөр барилга, байгууламж нэмэгдсэнээс зарлан мэдээллийн самбар буюу цамхагаас өгч байгаа дуут дохиоллын хүртээмж багассан. Тогтолцоог нь сайжруулах, эргэж харахаас өөр аргагүй болсон. Иргэдийн гар утсаар дамжуулж цаг агаарын гамшигт болон аюулт үзэгдлийн мэдээллийг хүргэж байгаа ч хугацааны хувьд хоцрогдолтой. Шууд мэдээлэл авч чаддаггүй болохоор аюулгүй байдлаа хангахад дутагдалтай. Тиймээс системийг бүрдүүлэх нь чухал. Хоёрдугаарт, онцгойгийн алба хаагчдын ашиглаж байгаа холбоо нь хуучны аналоги. Техникийн тухайд бүр хоцрогдсон. Ямар нэгэн дүрст мэдээ явуулж чаддаггүй. Нөхцөл байдлаа тодорхойлж чаддаггүй. Тухайн голомтод ажиллаж шийдвэр гаргаж байгаа удирдлага хэрэгжүүлэхэд холбоо зохион байгуулалт нь хоцрогдмол. Гуравдугаарт, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд холбооны торонд орж ажиллахад тус тусдаа байдаг нь хүндрэл учруулдаг. Тиймээс энэ асуудлыг шинэчилж, хүртээмжтэй болгох нь чухал. Засгийн газар, Шадар сайдын зүгээс ч үүнд анхаарч эхэлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Монгол Улсын гамшгийн нэгдсэн зарлан мэдээллийн тогтолцоо төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2020-2022 онд тус банктай хамтарч техник туслалцааны төслийг хэрэгжүүлсэн. ТЭЗҮ-ийг боловсруулснаар хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал хүлээгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН