Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй ажлын хэсэг Дундговь ажиллалаа. Тодруулбал Дундговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, Эрдэнэдалай, Хулд, Мандалговь сум дахь Эрэн хайх, аврах салбарт ажиллан алба хаагчидтай уулзалт хийсэн юм.

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу зудын эрсдэлийн үнэлгээг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хийсэн. Нийт 39 нэр төрлийн индикатор ашиглан зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Дундговь аймгийн 15 сумаас их эрсдэлтэй-1, дунд эрсдэлтэй-4, бага эрсдэлтэй-9 сум байна.

Дундговь аймгийн хэмжээнд 2024 онд нийт 120 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 26 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 3,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 2024 оныг 2023 онтой харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 25% өссөн, аварсан хүн 67%-иар өссөн, авран хамгаалан хөрөнгө 47% өссөн, харин учирсан хохирол 2.5 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийт 120 гамшиг, аюулт үзэгдэл, ослоор онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 462 хүн, 116 техник хэрэгсэл, мэргэжлийн ангиас 365 хүн, 128 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.


Тус аймгийн Онцгой байдлын газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Онцгойн төгөл” чацарганын талбайг байгуулсан.Энэ хүрээнд 4500 ширхэг чацарганы модыг тарьж, дуслын усалгааны системээр усалж 80 хувьтай ургуулан арчилж, ургуулж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын газрын хэмжээнд 8320 ширхэг /чацаргана 4500ш, шар хуйс, хайлаас 3820 ширхэг/ модыг тарьж ургуулан арчилж байгаа талаар ажлын хэсэгт танилцуулсан юм.
