УОК-ын Шуурхай штабаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад НҮБ-ын суурин төлөөлөгч Тапами Мишра, Хятад, Австрали, АНУ, Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын газрын төлөөлөгч, АНУ-ын Энхийг сахиулах корпус, Хүүхдийг ивээх сан, Чех Улсын Каритас, НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага, ДЭМБ, Мерси Кор, МУЗН, “Дэлхийн Зөн Монгол”, АДРА Монгол зэрэг олон улсын байгууллагын 30 орчим төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
Нийт нутгийн 90 хувьд их, 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарч, их эрсдэлтэй нутаг 20 хувиар өссөн. Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.
Цаашид малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дууссан тохиолдолд сумын аюулгүйн нөөцөөс гаргах, цаашлаад аймаг, улсын нөөцөөс гаргах төлөвлөлтийг боловсруулан ажиллаж байна.
ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эрүүл мэндийн яаралтай тусламжийн болон эрүүл ахуй, ариун цэврийн нийт 2162 багцыг бэлдсэн бөгөөд УОК-ийн Шуурхай штабаас зорилтот бүлгийн судалгаанд үндэслэн түгээхэд бэлэн болсон гэдгийг онцоллоо.
Уулзалтын үеэр өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын тусламжийг зөв зохион байгуулалттайгаар хуваарилахад анхаарч, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.