Орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг нь төр батлан даах талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгажээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувь хүртэл буулгана. Зөрүүг нь татаас хэлбэрээр олгох бодлогын эх үүсвэр ирэх оны төсөвт суусан.
Тухайн иргэн орон нутагт очоод, шилжилт хөдөлгөөнөө хийлгээд, тэндээ зээлээ төлөх хугацаанд ажиллах тогтвортой ажлын байртай болж энэ бүхнээ нотлох юм. Ингэснээр төсвийн мөнгө гарна. Хэрэгжилт нь бодитой байх ёстой.
Түүнээс биш орон нутагт байр авсан хэрнээ буцаад яваад байж болохгүй. Хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургууль, сургууль өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй, тогтсон ажилтай зэрэг олон зүйлийн гүйцэтгэлд төрөөс хянаж оролцох ёстой. Төсвийн мөнгө болгон бодлогоо онох хэрэгтэй. Тэгэхээр мөнгө нь төсөвт суусан учир орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжинэ гэсэн үг” гэлээ.
Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар танилцуулаад буй.