“Орфей” постдрамын театр энэ намар цагийн үзвэрийн нээлтээ ОХУ-ын Тува Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт хийжээ.

Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” постдрамын жүжгийг шинэ найруулга, өвөрмөц тавилтаар амилуулж, бүтээлийн найруулгын тавилт шийдэл, оюуны өмчөө олон улсын франчайз гэрээгээр Тувагийн Үндэсний их театрт албан ёсоор худалдаалжээ.

Түүхэн утга, соёлын орон зайд нээгдсэн бүтээл Кызыл хот нь ариун Енисей мөрний эх, МЭӨ VIII зуунд амьдарч байсан Скифүүд болон олон соёл иргэншлийн өлгий нутаг, мөн Азийн зүрхэн төв цэг хэмээн алдаршсан байгалийн үзэсгэлэнт, түүхэн хот юм.
Тувагийн Үндэсний их театр нь 100 орчим жилийн түүхтэй, барилга байгууламж, технологийн дэд бүтэц, уран бүтээлчдийн чадвар чансаагаараа Азидаа тэргүүлэгч театрын нэг бөгөөд дэлхийн шилдэг найруулагч, зохиолч, зураач, жүжигчидтэй хамтран ажиллаж ирсэн уран бүтээлийн төв юм.

Энэ удаагийн намрын нээлт анх удаа Хятадын орчин үеийн сонгодог зохиолч болон Монгол найруулагчийн бүтээлээр, Орос, Тува жүжигчдийн оролцоотойгоор тува хэлээр тайзнаа амилсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Жүжиг тогтож дууссаны дараа танхим дүүрэн үзэгчид сэтгэлээ барьж ядан, хөшиг хаалгалгүй бүгд хүндэтгэн зогсож, тасралтгүй алга ташин баяр хүргэжээ.
Уран бүтээлийг үзэгчид болон мэргэжлийн шүүмжлэгчид өндөр үнэлгээтэйгээр хүлээн авч, Монгол, Орос, Тува, Хятад зэрэг улсуудын урлагийн гүүрийг холбосон чухал алхам гэж онцолсон байна.
Уран бүтээлчдийг дурьдвал, Ерөнхий продюсер: Т.Ариунчимэг, Ерөнхий найруулагч М.Батболд, Зохиолын драмчилсон хувилбар: Мө.Баятбаяр, Ерөнхий зураач: О.Баярмагнай, Хөгжмийн зохиолчид: О.Нямхүү, Х.Сэцэн нар ажиллажээ.
