Ардчилал, Хүний эрхийн өдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийнх нь талаар тодрууллаа.
-Өнөөдөр арванхоёрдугаар сарын 10 “Олон улсын хүний эрхийн өдөр”. Энэ өдөр бид юуг мэдэх ёстой вэ. Хүн эрхээ мэдэхгүйгээс ямар зөрчилд холбогддог талаар дурьдвал?
-Арванхоёрдугаар сарын 10 Монголчуудын хувьд чухал өдөр. Энэ өдрийг сонгож Монголын Ардчилсан холбоо үүсэн бий болж, Монголд ардчилсан хувьсгал ялж байсан түүхтэй. Ардчиллын үр дүнд бидэнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ёстойг зохицуулсан шинэ Үндсэн хууль ирсэн. Монгол Улсын Үндсэн хууль бол олон улсад хүний эрх, эрх чөлөөг хэрхэн яаж зохицуулдаг жишгийг маш сайн тусгасан. Бид хүний эрхийн өдөр гэж яриад өнгөрөхгүйгээр бүх салбарт яригдаж байгаа хүний эрхийн асуудлыг нэгтгэн дүгнэж шүүдэг, дахин цаашаа шинэ хараа зорилгоо тодорхойлдог ийм өдөр гэж үзэж тэмдэглэх ёстой гэж бодож байна.
Харамсалтай тоон мэдээ бидэнд бий. Монгол Улс сүүлийн дөрвөн жил хүний эрх, эрх чөлөөний индексээр уруудсан. Ийм учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс Хүний эрхийн багц хуулиудад онцгой анхаарал тавьж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж байна. Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр бол бидний тусгаар тогтнолын нэг багана болсон хүний эрх, эрх чөлөөний дуудлага болсон өдөр юм.
- Монгол Улсад 900 гаруй хууль байдаг, түүнээс гадна холбогдох журмууд үйлчилж байна. Энэ олон хууль, журмын ач холбогдол, уялдаа холбоо нь юу вэ?
-Legalinfo.mn сайт руу орж үзвэл, Монгол Улсад 900 гаруй хууль хүчин төгөлдөр байна. 900 хуулиас ижил төстэй олон хуулийг нь хасвал 500 гаруй хууль тогтмол шинжтэй үйлчилж байгаа. Журам бол 2700 байна. Энэ дотроо төрөл бүрийн журам бий. Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталдаг журам болон олон албан тушаалтны баталдаг журам байна. Сум, аймгийн Иргэдийн хурлын баталдаг журам ч байна. Энэ олон журмаар харилцааг зохицуулаад ирэхээр хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хууль болж батлагдахын тулд Засгийн газраас санал авна, УИХ-д өргөн барина, ажлын хэсэг байгуулагддаг, Байнгын хороогоор орно. Маш их шүүлтүүрээр ороод хүний эрхийг хангаж байдаг. Журам бол тэгдэггүй. Хүний эрхтэй холбоотой олон асуудал журмаар шийдэгдэж байна.
Дээрээс нь санхүү, татвартай холбоотой олон журмууд байна. Татварыг ганцхан хуулиар тогтоох журамтай. Хуулиар хувь хэмжээг тогтоож буй боловч гааль, татвартай холбоотой журмууд нь тэр татварыг яаж авах вэ гэдгийг зааж байдаг. Тэгэхээр хүний эрхийг зөрчиж байна гэж үзээд журмуудыг цэгцэлж байна. Бид “Хүний эрхийн багц хуулийн дотор Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг чухалд тооцож байгаа. Энэ хуулиар бид сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ? Сэтгүүлчийн эх сурвалжийг яаж хамгаалах юм бэ гэдэг асуудлыг зохицуулж байна. Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг шүүхээр гомдол гаргахгүй байх асуудлыг зохицуулж байна. Өөрийн зохицуулалтын байгууллага байх эрх зүйн үндсийг нь тавьж өгсөн өөрчлөлтүүдийг хийж байгаа.
- Монгол Улсын иргэн жагсаал цуглаан зохион байгуулахад ямар хууль дүрэм зохицуулалт үйлчилж байна вэ. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж жагсах эрх нь нээлттэй байх аа?
-Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэхийн нэг хэлбэр нь жагсаал цуглаан хийх эрх чөлөө. Өнгөрсөн жилүүдэд жагсаал цуглаан хийхээр бол урьдчилан бүртгүүлдэг байсан. Бүртгэхгүй бол жагсаал хийхгүй гэсэн зохицуулалттай. Тэгсэн хэрнээ Сүхбаатарын талбайд болсон жагсаалын 70 гаруй хувь нь бүртгэлгүй байдаг. Ингээд зөрчил үүснэ. Цагдаагийн байгууллагад нэгэнтээ бүртгүүлээгүй гэсэн асуудал байх юм бол хууль ёсны шаардлага тавина. Дүүргийн засаг дарга бүртгээгүй бол цагдаагийн байгууллага хууль бус байна гэсэн шаардлага тавьдаг. Үүнээс жагсагч болон цагдаагийн байгууллагын хооронд маргаан үүсдэг. Одоо үүнийг өөрчилье, 48 цагийн хугацаанд мэдэгддэг зохицуулалттай байя, түүнээс татгалзах үндэслэл байхгүй. Мэдэгдлээ өгөөд 48 цагийн дотор жагсаж болно гэсэн үг. Мэдээж хориг тавих хэсэг байна. Монгол Улсын хилийн боомт, Төрийн ордон, улсын онцгой объектууд гэх мэт. Энэ газраас бусад газарт Монгол Улсын иргэн чөлөөтэй жагсаж болно. Жагсаал цуглаантай холбоотойгоор өөр зохицуулах асуудал цөөнгүй байдаг. Тухайлбал, жагсаал цуглааныг ямар үед албадан тараах, ямар үед нийгмийн хэв журам, бусдын амь насанд халгаатай гэж үзэх, жагсаал цуглаан дотроо өлсгөлөн гэж юу вэ гэдгийг нарийвчлан зохицуулах зорилготойгоор Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний хуулийн төсөл боловсруулагдаад одоо Засгийн газрын хуралдаанаар ороод өргөн барих гэж байна.
- Зарим тохиолдолд аяндаа үүсэж болох жагсаал гэж байдаг. Гэтэл цагдаад мэдэгдэл өгөөд 48 цагийн дотор жагсах хэрэгтэй юм байна?
-Цаг үе, үйл явдалтай холбоотойгоор үүссэн жагсаалыг аяндаа үүссэн жагсаал гэнэ. Аяндаа үүссэн жагсаал өнгөрсөн жилүүдэд гарч байсан. Тухайлбал, иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлж буй нэг сэдвээр төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, цаг үеийн онцгой үйл явдалтай холбоотой байж болно. Ихэнх жагсаалууд олон жил яригдаж буй, урьдчилж мэдэх бололцоотой, гэнэт үүсээгүй асуудлуудад урьдчилж мэдэгд гэдэг. Яагаад урьдчилж мэдэгдэх шаадлага тавьдаг вэ гэвэл жагсаал, цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэж, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдал, иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй байдаг учраас шаардлагатай арга хэмжээ авахын тулд. Мөн жагсаал, цуглаан хийж буй хүмүүс оролцож байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, дэг журмаас ахих үүрэгтэй. Энэ үүргээ хангуулах гэж л 48 цаг гэж хугацаа зааж байгаа юм.
- Хууль хүчний байгууллагаас иргэд рүүхалдлаа, баривчиллаа гэх тохиолдол гардаг. Үүнийг шинэчлэгдэж буй хуулинд жагсагчдын хүний эрхийг хамгаалах чиглэлд ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ?
-Жагсаал, цуглаан зохиож буй хүмүүст шаардлагатай тохиолдолд улсын өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлэх зохицуулалт орж байгаа. Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг тодорхой. Хэд хэдэн жагсаал болдог, хоорондоо муудалцдаг. Зүй бус үг хэрэглэх тохиолдол ч бий. Тиймээс цагдаагийн газар аюулгүй байдлыг сахин хамгаалахаас өөр аргагүй. Мөн цагдаагийн байгууллагад хүлээх үүрэг гэж бий. Жагсагчдын эрхийг хамгаална, өөр бусад иргэд өртөж болохгүй. Жагсаал цуглаанд хориглосон зүйлүүд ч бий. Жишээ нь, Үндэсний аюулгүй байдлын эсрэг, салан тусгаарлах үзэл, хүч хэрэглэх үзлээр хийхгүй, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар заналхийлсэн үед жагсаал, цуглаан хийхгүй. Жагсаалын нөхцөл байдлаас хамааран Нийслэлийн Засаг дарга албадан тараах шаардлагатай гэж үзвэл цагдаагийн газар гүйцэтгэх үүрэгтэй. Дэвшилттэй зүйл гэвэл өнгөрсөн жил иргэд болон цагдаагийн байгууллагын хооронд зөвшөөрөл авна, авахгүй гэх байнга үүсдэг байсан зөрчлийг л арилгах ёстой гэж үзсэн.
- Хүний эрхийн багц хуульд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль орсон байдаг. Өмнө нь гэрчээр дуудагдаад хэрэгтэн болдог байсан. Эргээд энэ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа асуудал болдог. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Энэ бол удаан шүүмжлэл дагуулсан асуудал. Иргэнийг дуудаж гэрчийн мэдүүлэг авна гэдэг. Иргэн гэрчийн мэдүүлэг өгөх юм чинь гээд өмгөөлөгч авахгүй асуудлаа ярьдаг. Тэр мэдүүлгийг нь шууд ашиглаад сэжигтэн, яллагдагч болгоод явчихдаг тохиолдлууд байсан. Одоо бол ямар нэгэн хүнийг буруутан гэж сэжиглэж байгаа бол гэрчээр дуудахгүй. Яг дуудаад зохих журмын дагуу мэдүүлгээ ав. Таныг ийм хэрэгт сэжиглэж байна гэж хэлээд тайлбараа ав. Модны цаанаас гэнэт гарч ирээд торгодог шиг иргэн хүнээ гэнэдүүлж байгаа юм шиг эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа энэ хандлага нэн ялангуяа мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагад байж болохгүй гэж үзэж байгаа.
- Яг үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн хувьд заавал байлцах уу, өмгөөлөгч авах уу гэдгийг тодорхой хуульчилсан гэсэн үг үү?
-Өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд байлцуулахаар, мөн өмгөөлөгчид өнгөрсөн жилүүдийн туршид хэргийн оролцогч буюу төрийг төлөөлж оролцож буй прокуророос илтэд эрхийн хувьд бага, өмгөөлөгчийн гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэгдэх энэ процесс нь хүндрэлтэй, шийдвэрлэгдэхгүй орхидог, үүрэг оролцоо багатай байсан. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрхийг хангахын төлөө ажиллах нөхцөл боломжийг дээрдүүлэх өөрчлөлтүүдийг хийж байна.
- Маш олон хэрэг өмгөөлөгчөөс болж хойшлох тохиолдол байдаг. Өмгөөлөгч хэргийн материалтайгаа танилцаагүй эсвэл өвчтэй, чөлөөтэй гэсэн тохиолдол байдаг. Үүнээс үүдэж хэрэг удаашрах тохиолдлууд байдаг. Үүнд ямар зохицуулалт байгаа вэ?
-Шүүх хуралдааныг олон хойшлуулж буй шалтгаанууд нь өмгөөлөгчтэй холбоотой зохицуулалтууд тодорхой бус байгаагаас болж байна гэж үзсэн. Зарим процесс ажиллагаанууд дээр тодорхой хугацаа зааж өгөхөөс өөр аргагүй. Яг энэ хугацаандаа явах ёстой гээд. Бидэнд болгоомжлох зүйл нь процесс ажиллагааныхаа хурдыг нэмье гээд хүний эрхийн зөрчил рүү оччихвий. Яаж ийж байгаад хурал хойшлуулаад, сунжруулаад байдаг энэ байдлыг халах ёстой. Дээрээс нь олон оролцогчтой хэрэг ихэвчлэн хойшилдог. Судалгаа нь байна. Олон оролцогчтой хэргийг яаж шийдэх юм бэ? Жишээлбэл, Хөгжлийн банкны хэрэг хичнээн өдөр болов. Хэрэгт төдийлэн ач холбогдолгүй хүмүүсийн асуудлыг удаан сонсоод сууж байдаг. Шүүх ч гэсэн тэр хэрээрээ уддаг. Энэ процессыг яаж хөнгөвчлөх ёстой юм бэ гэдэгт судалгаа хийж байна.
- Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсний төлөө хариуцлага хүлээх ч үе байдаг. Үүнтэй холбоотой ямар зохицуулалт байна вэ?
-Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хариуцлага хүлээж байна уу эсвэл бусдын хууль ёсны эрх, эрх чөлөөнд халдсаныхаа төлөө хариуцлага хүлээж байна уу гэсэн хоёр ойлголт бий. Бид бүгдээрээ цахим хаяг хэрэглэх эрхтэй. Тэнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хувь хүний болоод сэтгүүл зүйн бүтээл тавих эрхтэй. Түгээх, дэмжих, хуваалцах энэ бүх эрх бидэнд бий. Гэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулиар юуг хориглосон бэ гэвэл илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг гээд бусдын нэр төрд халдсан, илт худал мэдээлэл тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалттай.Тэгэхээр илт худал мэдээлэл гэж юу юм бэ гэсэн асуудал гарч ирнэ. Ийм тохиолдол яригдаж байсан. Гадаад томилолтоор 15 удаа явсан гэж гүтгэсэн байна, 13 удаа явсан гээд. Жишээлбэл, энэ илт худал мэдээлэл мөн үү, биш үү гэвэл биш. Ташаарал гэж байдаг. Цахим орчин дахь мэдээлэлд хэвлэлийн эрх чөлөөний хуулиар бид сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчид, редакцууд, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлчдэд хамаарагдана гэсэн үг. Сошиал орчинд олон дагагчтай нөлөөлөгчид Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хамгаалагдахгүй. Харин өөр бусад хуулиудаар зохицуулна гэсэн үг.