Нүүр хуудасМэдээПутин: Орос улсын зэвсгийн хүч бусад орнуудаас илүү өндөр түвшинд явж байгаа

Путин: Орос улсын зэвсгийн хүч бусад орнуудаас илүү өндөр түвшинд явж байгаа

Өчигдөр Москвагийн ойролцоо нээгдсэн зэр зэвсгийн үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийнх нь улсын батлан хамгаалах технологи өрсөлдөгч орнуудтай харьцуулахад олон жилийн өмнө түрүүлж явааг онцолсон байна.

Латин Америк, Ази, Африкийн орнуудтай бат бэх харилцаа, хэлхээ холбоотойгоо бахархсан Путин өөрийн түншүүд, холбоотнуудад бага оврын зэвсгээс эхлээд хамгийн орчин үеийн зэр зэвсгийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

“Манай бараг бүх зэвсгийг бодит байлдааны ажиллагаанд нэгээс олон удаа ашигласан юм” гэж тэр зэвсгийнхээ найдвартай байдал, чанарыг онцолсон байна.

“Бид өндөр нарийвчлалтай зэвсэг, робот техник, шинэ физик зарчимд суурилсан байлдааны системийн тухай ярьж байна. Эдгээрийн ихэнх нь гадаад орнуудынхаас олон жил, магадгүй хэдэн арван жилээр түрүүлж, тактик, техникийн чадвараар хол илүүрхэж байгаа” гэж Путин энэ үеэр магтжээ.

Кремлийн удирдагчдын Украинд эхлүүлсэн дайн зургаа дахь сардаа үргэлжилж буй ч ахиц дэвшил муу байгаа. Украины хоёр том хотыг эзэлж чадалгүй ухарсан Оросын арми одоо Донбассын бүс нутагт явуулж буй тулаандаа ихээхэн хохирол амсаж байгаа нь тодорхой болсон юм.

Гэсэн хэдий ч Оросын зэвсэгт хүчин Украины Донбассын хязгаарт үүргээ сайн биелүүлж байгааг Путин баталсан байна.

“Алхам алхмаар бид Донбассын газар нутгийг чөлөөлсөөр байгаа” гэж тэр хэлжээ.

Путин бас дэлхийн дэг журмыг АНУ дангаараа тогтоодог цаг үе өнгөрсөн, Хятад, Энэтхэг, Иран зэрэг түншүүдтэйгээ Орос улс үүнийг өөрчлөх боломжтойг илэрхийлсэн байна.

“Орос улс цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө байгааг би энд онцолмоор байна. Өнөөдөр олон туйлт дэлхий ертөнцөд итгэх итгэл улам бүр нэмэгдэж буй үед энэ нь онцгой чухал юм. Дэлхийн өнцөг булан бүрд манай улстай ижил санаа бодолтой улс орнууд байгааг бид өндрөөр үнэлж байна. Эдгээр нь ноёрхогч гэгддэг гүрнүүдэд бууж өгдөггүй улсууд юм. Эдгээрийн удирдагчид нь хэзээ ч нугардаггүй, жинхэнэ эрэлхэг хүмүүс байдаг” гэж Путин ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН