Аливаа зүйлийн эхлэл гэдэг хамгийн хэцүү нь юм шиг. Зөв сайхан эхлэл бараг бүх ажлынхаа 50 хувьтай тэнцдэг гэж ярьдаг юм билээ. Үүний нэгэн адилаар сэтгэл дотор удаан бодогдож, хөндүүрлэж, эсвэл сэтгэлдээ мянга мянган удаа дүрслэн бичсэн тэрхүү нийтлэлээ бодитоор эхлүүлэх гэж үзэг барилаа. Сэтгэлд тогтож үл чадах тэрхүү ганцхан санаа минь намайг олон салаа зам руу, салаа бодол руу, ганцаардал, гунигруу, уур хилэнрүү хөтлөсөөр өнөөдрийг хүрчээ. Чухам тэрхүү ганцхан санаа бодлыг илэрхийлэх гэж ийнхүү түмэн зүйлийг бодож сууна. Сэтгүүлч хүн гэж хэн бэ гэж? Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Х.Цэвлээ, ахмад сэтгүүлч Г.Дамба, С.Баяртогтох гээд үе үеийн ахмад сэтгүүлч, үлгэр жишээ болсон тэр л хүмүүс минь их асуудагсан, их ч бичүүлдэгсэн. Нэгэн удаа сэтгэл байх уу, сэтгүүлч байх уу гэж хэлж байсан санагдана. Яг үнэндээ сэтгэлтэй байхын л нэр юм уу даа, зөв, шулуун шударга байхын илэрхийлэл юмуу даа. Энэ яагаад ийм болчихов, тэр яагаад тэгж амьдрах ёстой юм, яагаад ийм байж болдоггүй юм бол гэж нийгмийн амьдралыг харсаар, шүүн тунгаасаар болох, болохгүй олон зүйлсийг сонсож, мэдэж харж байдаг учир сэтгүүлч хүн гэдэг нэг ёсны нийгэм, цаг үеийнхээ ажиглагч магадгүй харуул нь эсвэл түүчээлэгч нь байх ч ёстой юм болов уу.
Монголчууд бидний амьдрал ямар байсан, одоо ямар болсон тухай асуувал хүн бүр л өөр өөрийнхөөр харж бодол саналаа хэлэх байх. Гэхдээ олон зүйлийг хөндмөөр, олон зүйл өөр байж болмоор… Албан тасалгааны цонхоор нээрэн л амьдрал сайхан харагддаг байх… Харин гадаа гудамжинд бол өөр, үнэхээр өөр шүү, бодит байдал гэдэг. Нэгэн үе архичид гээд согтуу, гудамжны амьдралд орсон хүмүүс их явдаг байсан даа. Бараг мартах шахсан энэ дүр зураг одоо эргээд харагдах болж. Хотын гудамжинд, автобусны буудал гээд хаа сайгүй тасарч унасан хүмүүсийг хараад бас л олон зүйл бодогдоно. Их л сэтгэлийн тэнхээгүй хүмүүс архинд ордог юм болов уу? гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм билээ их л тэнэг хүмүүс архинд орж хайран амьдралаа үрж, өөрөө өөрийгөө тарчлаан зовоож, өрөөлийг ч сэтгэлийн шаналанд унагаж байгаа юм. Тийм хүмүүсийн ихэнх нь өнгөрснөө ярьж бахархах дуртай бөгөөд тийм Оросын мундаг сургууль, ийм ч Польш, Чех, Германы сургуульд сурч байлаа гэж соц нийгмийн үеэ санах маягтай ярих боловч өөрийнх нь амьдрал тэр өнгөрсөндөө үлдсэн байдаг нь харамсалтай.
Энэ зургийг хараад уншигч танд юу бодогдож байх юм. “Арчаагүй юмнууд, нийгмийн хог шаар, ингэж амьдрахаар үхээсэй” гэж үү. Уг нь ээж, аавдаа эрхэм нандин үр нь болж мэндэлсэн, нарт ертөнцөд ус уух хувьтай хүмүүн заяаг олсон боловч өөрийн амьдралын үнэ цэнийг, хүний амьдрал гэдэг ямархан богино болохыг огоорч амжилгүй уруудан доройтож яваа нэгэн байна. Ямар их зовлон шаналал сэтгэлд нь байдаг бол. Яг ийм хүмүүсийн үр нь болж мэндэлсэн, бидний ирээдүй бас өрөвдмөөр байна. Нялх хүүхдээ тэвэрчихээд сэгсчин явах согтуу ээжийг хараад, тас загнамаар боловч “би мянга хэлээд ч нэмэргүй” гэдгийг мэдэж байгаа учир дэмий л тэр бяцхан хүүхдийг өрөвдөн харж, унагаачих вий дээ гэж харсаар хоцорч байсан тохиолдол цөөнгүй болжээ. Сэтгэл өвдмөөр шүү, нийгэмд хүмүүс хэрхэн яаж амьдарч, аж төрж байгаа билээ. Ард түмний амьдрал баян, ядуугийн ялгаа тэнгэр газар шиг болж, бараг л Энэтхэг улстай жишихээр болсон юм билээ. Нийгмийн дундаж давхарга гэж манайхан их ярьдаг ч үнэндээ тэр дундаж давхаргынхан хаа байна. Өнөөдөр гуравхан сая хүн амтай Монгол улс алт сандайлсан гуйлгачинтай адил хүндхэн хэцүүхэн цаг үед амьдарч байна. Ийм цаг үе гэхдээ үеийн үед байдаг ч энэ байх ёстой зүйл огтоос биш билээ. Хэдийгээр тухайн цаг үедээ хэрхэн яаж амьдрах, баян байх уу, ядуу байх уу, сайн байх уу эсвэл муу юу гэдэг нь тухайн хувь хүнээс шалтгаалах ч нийгэм цаг үеийн байдал нөлөөтэй. Тэр тусмаа төр засгийн бодлого хамгийн чухал байдаг гэдгийг энд хэлэхэд илүүц биз. Төр засаг гэж чухам юу билээ. Төрд түмнээ төлөөлж суусан тэр хүмүүс өнөөдрийг хүртэл юу хийж бүтээв. Бид үнэхээр зөв хүнээ сонгож тэнд суулгаж чадсан уу? Шударга ёс, шударга ёс гэж дууугардаг, хашхирдаг нь ч үнэндээ шударга биш байдгийг үзлээ, харлаа. Худалдагдсан ноёд, баг зүүсэн жүжигчид хэзээ үгүй болох вэ? Өөр тэдний талаар хэлэх ч үг, бичих ч хүсэл алга болжээ. Өөрийн амьдралыг умартан жинхэнэ эх орныхоо төлөө ажиллах хүнийг л улс төрч гэмээр дээ.
Өөр нэгэн бодол…
Сэтгүүлчдийн ур чадварыг харахдаа хэр сайн баримт цуглуулсан, хэрхэн хурцаар шүүмжилсэн, хаана ямар асуудал байгааг хөндсөн зэргээр дүгнэдэг байх. Гэхдээ нэг зүйл дутаад байгааг сэтгүүлч хүний хувьд мэдрэх болоод уджээ. Төрийн ордонд мэдээ сурвалжлага бэлдээд багагүй хугацаа өнгөрч. Тэнд амьдрал их өөр шүү, болж байгаа, бүтэж байгаа юм шиг.., эсвэл нэг л тийм өнгөлөн далдлалт гэмээр өнгөц… Ордны сэтгүүлчид үргэлж л олон оронтой тоо бичиж, ярьж, асуудаг. Заримдаа өөрөө ч мэдэхгүй олон оронтой тоондоо эргэлдээд л, өнөөдүүл нь цалин өссөн, эдийн засгийн өсөлттэй, ажилгүйдлийг бууруулж байна гээд л ярьж өгнө дөө. Толгой эргэсэн олон тоон дундаасаа гараад бодит амьдралаа харахад сэтгүүлчийн амьдрал таван ханатай гэртээ, цалингаас цалингийн хооронд, заримдаа зээлээс цалин, цалингаас зээлийн хооронд л байдаг. XXI-р зуунд шүү. Ийм амьдралыг үзсэн, үзэж ч байна. Мөр зэрэгцсэн мэргэжил нэгт нөхөд минь ч тийм л энгийн амьдардаг. Гэхдээ амьдралд шантарч, бууж өгөөгүй л явна. Үргэлж итгэл найдвараа алдалгүй, ирээдүй өөд тэмүүлдэг. Эрдэм ном хичээнгүйлэн сураад, ариун цагаан хөдөлмөр эрхлээд явж байгаа хүмүүс нь ингэж амьдарч байхад эрдэм ном сураагүй хүмүүс яаж амьдрах билээ. Хар, бор ажил хийж, хаа таарсан газраа амьтан хүнд аашлуулж загнуулж явах юм хөөрхий. Бидэнд ахиад илүү хичээх, бүр илүү шамдах шаардлага, амьдралын хэрэгцээ их байна. Ихийг мэдэж, их соён гэгээрмээр. Тийм болвол амьдралыг өөрөөр, өөр өнцгөөс харж амьдрах байх. Үүнийг хөндөхийн учир…
Би чаднаачууд буюу Саамшилынхан…
Солонгост ажилладаг нэгэн найз минь анх очоод саамшил буюу ажил олгогчоор дамжуулан нэг хэсэг ажил хийж байсан тухайгаа ярьж билээ. Тэр үед найз минь тун ч хэцүү амьдралыг туулсан байдаг юм. Өглөө эртхэн очиж саамшил гэх газраас ажлаа аваад юу ч хамаагүй очиж хийнэ. Өдөржин ядартлаа ажиллаад, аяга таваг угаагаад харанхуйд тарж өнөөх саамшил руугаа очиж хийсэн ажлынхаа хөлсийг авдаг юм билээ. Өдөр бүр гэр-саамшил-ажил-саамшил-гэр гэж яваад ихэд ядарсан тухай нь сонсоод хүний нутагт Монгол залуус яасан их ядарч явдгийг улам ихээр ойлгосон. Тэр хүмүүс эх орондоо өчнөөн төчнөөн дээд сургууль төгсөж эрдэм боловсролтой болсон улс шүү дээ. Гэтэл хүний нутагт тэр бүхэн нь хэрэггүй болоод хар бор ажил хийж явах юм. Үүнийг бас л нийгэм, цаг үе, төр засгийн бодлоготой холбон үзэж шүүмжлэхээс өөр аргагүй билээ. Монголд ажилгүйдлийн түвшин нэмэгдлээ л гээд байдаг, нөгөө талдаа ажил олгогч нар ажилд авах гэхээр найдтартай хүн олдохгүй байна л гээд байдаг. Гэтэл нийт ажилгүй иргэдийн 50 гаруй хувийг нь эд хийж бүтээх насны залуус эзэлж байгаа юм. Үнэхээр ч ажилд авах гэхээр зараар ирэх хүн цөөхөн болсон юм билээ, тэгээд нэг ирсэн нь чадвар муутай атлаа их цалин, их зүйл бодсон дээгүүр толгойтой, том яриатай хүмүүс олширчээ гэмээр. Тийм болохоор танил найз нөхөд, ах дүү ажилд орох найдвартай хүн байна уу? гэж зар тавихаас илүүтэй асуудаг болж. Харин дээр дурьдсан саамшилын тухайд өөр нэгэн зүйл хөндье. Саамшил гэх тэр хөлсний ажилчдыг зуучилж өгдөг газрыг зөвхөн Солонгост байдаг гэсэн төсөөлөлтэй явсан би ийм газар манай улсад ч олон болсныг мэдсэн юм. Тэр газрын үүдэнд өглөө эртээ олон хүн байх аж. Хөгшин залуу, эр эмгүй зогсож байна. Ажлаа аваад л олдсон ажлаа хийхээр явдаг юм билээ. Тийм ч учраас тэднийг “Би чадна аа чууд” гэж нэрлэх болж. Гэвч үнэндээ чаддагаасаа чаддаггүй нь олон бололтой очсон газраа хэн дуртайд нь загнуулж байдаг гэж сонсоод сэтгэл бас хөндүүрлээд явчихав. Хүн гэдэг амьтан юутай эрхэм нандин, үнэтэй цэнэтэйсэн билээ. Гэтэл өнөөгийн нийгэмд хүний амь, эрүүл мэнд гэдэг өнгө мөнгөнөөс дор орж, гудамжинд хэвтэх нэгнийг өрөвдөх ч сэтгэлтэн цөөн болжээ. Тэр саамшилаас ажил авсан хүн ажлын дэвтэртэй явах бөгөөд сайн муу ажилласныг нь бичих аж. Муу ажилласан бол нөгөө газар нь ахиж ажил олж өгдөггүй учир ажиллуулсан газар нь бас өрөвдөөд сайн ажилласан гэж бичдэг бололтой юм. Тэгээд л нөгөө газраасаа очиж хөдөлмөрийн хөлсөө авдаг юм билээ. Гэхдээ өдрийн 40 мянган төгрөгөөр барилга дээр ажиллалаа гэж бодоход саамшил нь 5000 төгрөгийг нь авдаг. Тэр хүмүүс яагаад заавал ийм газраар ажил олуулж ажиллаж байна вэ? гэхээр гадуур ажилд орохоор цалин мөнгийг нь найдвартай өгдөггүй гэж байгаа юм. Нөгөө талаас тогтсон мэргэжил боловсролгүй эсвэл насны хувьд хэт хөгшин болсон учраас ямар ч хамаагүй ажлыг хийхдээ “Чадна аа л” гээд дайраад ордог байх. Ингэж ажиллаж амьдарч байгаа нь нэг ёсондоо тэдгээр хүмүүс өнгөрсөнд юу хийж бүтээсэн, хэрхэн үр бүтээлтэй амьдарсан бэ? гэдгийг шууд илтгэж байгаа юм, бас л харамсалтай шүү нэгэн насны амьдрал шүү дээ. Нүүдлийн шувуу шиг л амьдралаар амьдарч байна. Үүнийг бас л нийгэм, цаг үе, төр засагтай холбомоор. Нэгэн цаг үеийн золиос болсон, ирээдүйгээ хулгайлуулсан тийм үе энэ Монголын түүхэнд үнэхээр байна уу?
Бор дээлтэй өвөө…
Ахиад л өөр нэгэн бодол. Манай байрны урдах бор сандал дээр нэгэн өвөө үргэлж сууж харагддаг боллоо. Амралтын өдөр харахад сууж л байна, ажлаа тараад ирэхэд сууж л байна. Хөрслөг бор царайтай, бор дээлтэй хөөрхөн өвөө. Монгол хэв маягаа алдаагүй, бор дээлээ жимбийтэл бүслээд, орос хромоо гялалзтал тослоод, тэргүүндээ жижигхэн саравчтай савхин малгайг үл ялиг далийлган өмсдөг юм. Би энэ өвөөг анх харахад л бор дээлтэйгээ байсан, одоо ч бор дээлтэйгээ л. Нэгэн өдөр цонхоор хартал өнөө өвөө маань сууж л байна. Түүнийг хараад ээжээсээ “Ээжээ энэ бор дээлтэй өвөө манай урд байранд байдаг юм болов уу, дандаа л ганцаараа гадаа сууж байх юм. Энэ бор дээлээ яасан ч удаан өмсдөг юм бэ дээ, солиод өмсөж болдоггүй юм байхдаа” гэж асуулаа. Тэгэхэд ээж минь “Хөөрхий минь яах нь вэ? Хүүхдүүдийнх нь муугийнх шүү дээ. Хөдөөнөөс ирсэн хөгшин байна лээ. Хөгшнөө алдаад ганцаараа болчихоод хүүхдүүдээ бараадсан нь энэ юм гэсэн хөөрхий” гэж хэлэв. Тэр үгийг сонсоод сэтгэл их өвдлөө. Магадгүй тэр бор дээл хайртай ханийнх нь оёж өгсөн дээл ч юм билүү. Тэр хүний сэтгэлд ямар их ганцаардал байгаа бол.., Насаараа хамт байсан хань ижлээ алдаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг хорвоогийн жам, үнэнтэй нүүр тулахад тэр зовлонг ойлгосон хүн л мэдэх байх. Өөр юу ч утгагүй санагддаг байх. Тийм их ганцаардлыг мэдрэхдээ, хэсэгхэн зуур ч гэсэн сатаарах гэж өдөржин нар, салхинд гадаа ганцаар суудаг юм болов уу. Юу бодож суудаг бол хөөрхий. Заримдаа ажлаа тараад ирж явахад өнөө өвөөтэйгөө таарна аа. Бид хоёр хэзээний танилууд болчихсон, мэнд устай зөрнө. Өвөө “Хүү минь хаа хүрч явна” гэж үргэлж асууна. Тэгж таарах болгонд л ганцаараа сууж байх юм зайлуул гэж сэтгэл өвдсөөр зөрөх юм даа. Бид үргэлж л хөгшрөхгүй өтлөхгүй, өвдөхгүй, үхэхгүй юм шиг бодож санаж явдаг. Хорвоогийн энэ жамыг мэддэг атлаа дэмий зүйлд шунаж, нэг нэгнээ хууран мэхэлж амьдрах юм. Гэтэл өтөл насанд очоод юу бодогдох бол гэж өөрөө өөртэйгөө ярьж үзсэн хүн хэр олон билээ. Нас ахих тусам ганцаардаж, үхэл гээчийг бодон айдаг юм гэнэлээ. Их өтлөөд ирэхээр хүний ихэнх дурсамж үгүй болж, аав ээжтэйгээ хамгийн жаргалтай байсан хүүхэд ахуй насных нь дурсамж тодоос тод харагдаж, зөвхөн тэр дурсамжиндаа амьдардаг гэсэн судалгаа ч байдаг юм билээ. Хүүхэд насны дурсамж…
Амьдрал, үхэл гэдэг алаг урвуулахын дайтай адил. Өнөөдөр байсан бүхэн маргааш үгүй ч байж мэдэх хорвоо. Өнөөдөр энэ сандал дээр сууж байсан хүн хэзээ нэгэн цагт үгүй болно, би ч, та ч, хов хоосон ертөнц.
Энэ бүхнийг бичихийн учир бид дэндүү өнөөдрөөрөө амьдрах болсныг онцлох нь зүйтэй байх. Хүний амьдралын жам, хорвоогийн мөнх бусыг бараг мартах шахжээ. Хаа сайгүй л хэрүүл маргаан, хэл ам, атаа хорсол, эд мөнгө, эрх мэдлийн төлөөх шунал. Гэвч энэ бүхэн өвдөхийн цагт, үхэхийн цагт л ямар ч үнэ цэнэгүй гэдгийг ойлгодог. Нэгнээ үхсэн хойно нь л харамсаж, чухам сайн хүн байсныг дурсана. Тэрний оронд амьддаа бие биенээ хайрлаж хүндэлж, илүү утга учиртай, үнэ цэнэтэй амьдармаар. Тэрнээс наана алалдан тулалдсаар л. Магадгүй нийгмийн энэ хүнд үе гэж хэлж болох байх, улс төрийн байдал тогтворгүй, ард түмэн улс төрчдөд итгэхээ больсон, улс төрчид нь ч гэсэн баг зүүсэн ийм цаг үе. Бусдыг хайрлаж энэрэх, тусалж дэмжих нь байтугай өөрийгөө яая гэж яваа хүн олон болж. Тийм байхад юун сэтгэл зүрхтэйгээ ярьж, хорвоо ертөнцийн талаар эргэцүүлэх, хорвоогийн хоосон чанарыг таньж мэдэх, өөрийгөө ч үл мэдэж, дотоод зүрх сэтгэлтэйгээ ч ярилцаж, түүнийг сонсож чадахгүй явна.
Энд элдэв тоо, баримт бичихийг илүүд бодсонгүй. Тэртээ тэрэнгүй нийгэмд хөндөх сэдэв, хөндүүр асуудлууд зөндөө байна. Эрүүл мэндийн салбар нь доройтсон, боловсролын салбар нь уналтад орсон, шинжлэх ухаан бүр хаа ч яваа юм. Уул уурхайн компаниуд нь ухахаа хүрвэл байгаль дэлхийг, ан амьтантай нь уйлуулаад л, хайлуулаад ухаад хаядаг. Хүний ёсонд баймааргүй аллага, үймээн самуун, гүжир гүтгэлэг, шүүх цагдаа, авилгал, гэмт хэрэг гээд ард түмнийг сөхрүүлсэн, сэтгэл эмзэглэх нь битгий хэл өр зүрхийг урс тасдаж сийчсэн аймшигт мэдээнүүд хаа сайгүй. Түүнийг нь манай салбарынхан ам уралдан дамжуулна. Энэ нийгэм, цаг үе өөрөө зөв үү, ингэхэд хаашаа л яваад байна, хэн нь хэн болж хувирав… “Зөв бай гэдэг үгийг яагаад бид хэрэглэх болов. Яагаад тэр зөвийг, зөв хүнийг хайх болов”
Нэг хэсэг тэмцэгчид гарч ирээд, нилээн хэсэг нь ард нь үймүүлээд, хэн нь хэн бэ? гэдгийг ч мэдэхээ больж. Бид дэндүү багтай амьдарч байна. Өөрийнхөөрөө байж ч чадахгүй, хэлбэр хөөнө. Яах гэж… Харин энэ бүхнийг бодоход бид нэгэн түүхэн цаг үед амьдарч байна уу гэлтэй. Залуу үеийнхэн, шинэ цагийнхан, шинэ эхлэл авчрах. Үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж, хүч нэгтгэж улс орноо сайн сайханд хөтлөх тийм л нэгэн цаг үе ирсэн бололтой. Үүнд та бидний оролцоо туйлын чухал билээ. Хэдий болтол үзэн ядаж, өнгөлөн далдалж, өөдгүй муухай амьдрах юм бэ? Худал үнэний хувцсыг тайлах цаг болжээ. Ингэж олон бодол сэтгэлд хөвөрнө. Энэ бүхний цаана өнөө л ганцхан санаа минь цухалзсаар…
Өнгөрсөн бүхнийг тэнд нь орхиод өөрчлөлтийн салхийг хамтдаа эргүүлье. Мууг сайн болгох, муухайг сайхан болгох, бурууг зөв болгох тийм нэгэн өөрчлөлтийн салхи. Салхи эргүүлье.
Хангалттай хашхирлаа, шүүмжиллээ, мууллаа, муу байлаа, хуурамч байлаа. Элдвээр нэгнээ хэлж, элдэвлэн ярьж, бичлээ. Дэндүү хатуу байна. Зүрх нь тархиа захирч баймаар. Тархи биш зүрх… Саамшилаас ажлаа аваад хаа ч юм очиж хүнд, хар бор ажил хийж бусдад зарцлагдах аавыгаа дагаад бяцхан охин баяртайгаар алхаж авна. Аав нь дэргэд нь байгаа учраас тэр шүү дээ. Тэр аав өөр зүйл бодож байгаа ч, тэр охины сэтгэл гэрэл гэгээгээр дүүрэн. Тийм л сайхан гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх, шинээр эхлэх тийм л нэгэн өөрчлөлтийн салхийг хамтдаа эргүүлье. Тийм ээ, САЛХИ ЭРГҮҮЛЬЕ.
СҮҮГИЙ НАЙРАМДАЛ