Нүүр хуудасМэдээСангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа
 
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
 
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. Экспорт, гадаад худалдаа сайжирч байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. 2023 оны эдийн засгийн төсөөлөл илүү эерэг болж байна.
Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээ, 2021 онд авч хэрэгжүүлсэн “Сенчири” өрийн зохицуулалтын арга хэмжээний үр дүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх хуваарьтай Чингис бондын хоёрдугаар транч болох 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нийт 1.0 тэрбум ам.долларын дийлэнх хэсгийг дахин санхүүжүүлж, үлдээд байсан 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд бүрэн төлж барагдуулсан.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна.
           2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөх бондын өрийн зохицуулалтыг хийх зорилгоор Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк хамтран шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын цахим уулзалтуудыг хийснээр 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлснээр өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.
          Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугар сард хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляци огцом нэмэгдэж, Орос Украинын зэвсэгт мөргөлдөөн болон БНХАУ-ын тэг ковидын хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх, экспорт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, гадаад өрийн зохицуулалт буюу Засгийн газрын энэ жилийн томоохон бондын өрийг төлөх арга хэмжээг авснаар Монгол Улс дефолтоос бүрэн сэргийлж чадлаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. Нэрлэсэн ДНБ 2022 онд 48 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 10 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 28 их наяд төгрөгт хүрсэн байна.
Эдийн засгийн өсөлтийг салбараар авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбар болон бүтээгдэхүүний цэвэр татвар бодит өсөлтөд гол хувь нэмэр оруулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас экспортыг эргэн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагаст 8.1 сая тонн буюу өмнөх оноос 12.7 хувиар агшаад байсан нүүрсний экспорт 2022 оны эцэст 31.6 сая тоннд хүрч  2021 оноос  даруй хоёр  дахин өссөн байна. Зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр АМНАТ-ийн орлого 2.7 их наяд төгрөгт хүрч, уул уурхайн орлого 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 750 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Төлбөрийн тэнцэл 2022 оны эцэст нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын албан нөөц 3,399.6 сая ам.долларт хүрсэн. Уг нөөц нь валютын төлбөртэй барааны импортын нийт 4.7 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.
Засгийн газраас  2022 оны аравдугаар сард “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар  тогтоол гаргаж  хэрэгжүүлсэн нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж улмаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон “Оюу толгой” ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК дээрх тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Мөн өнгөрсөн онд арилжааны банкууд гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас хэд хэдэн урт хугацаат санхүүжилтийг татсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Томоохон гарах урсгалын хувьд өнгөрсөн онд “МИК ОССК” ХХК 2019 онд гаргасан 300 сая ам.долларын бондын үлдэгдэл 130 сая ам.долларын үлдэгдлийг төлсөн. Мөн Монгол Улсын Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сард Чингис бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулаад байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугаар саруудад хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляц огцом нэмэгдэж, Орос Украйнын зэвсэгт мөргөлдөөн болон БНХАУ-ын тэг ковидын хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан.
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ:
Нэгдсэн төсвийн нийт орлого: Засгийн газраас Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс ангижрах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэх төлөвт шилжиж байгаа нь төсвийн орлого нэмэгдэхэд эерэг үр дүн үзүүлж байна.
 Нэгдсэн төсвийн нийт орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18,593.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.3 хувиар буюу 1,886.9 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оны мөн үеийнхээс 25.5 хувиар буюу 4,337.9 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн үзүүлэлттэй байна.  
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17,198.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөнөөс 7.8 хувь буюу 1,244.0 тэрбум төгрөгөөр давж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,487.1 тэрбум төгрөгөөр буюу 35.3 хувиар нэмэгдсэн байна.
Засгийн газар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах замаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, голлох боомтууд болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэгт тээвэр (AGV) нэвтрүүлж, нэвтрэх машины тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал, Булган, Ханги, Замын-Үүд боомтуудаар гарах нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсны үр дүнд эхний хагас жилийн байдлаар 8 сая тонн байсан нүүрсний экспортыг 31.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 90.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улмаар нийт экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөөнөөс даруй 3.5 тэрбум ам.доллароор өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь АМНАТ, ААНОАТ-ын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.
Татварын орлого 15,568.3 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1,710.7 тэрбум төгрөгөөр буюу 12.3 хувиар давж биелсэн байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага: Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,177.8 тэрбум төгрөг болж зарлагын төлөвлөгөө 3.5 хувиар буюу 656.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар буюу 2,547.4 тэрбум төгрөгөөр илүү байна.
Хөрөнгийн зардал 445.7 тэрбум төгрөг, бараа, ажил үйлчилгээний зардал 348.3 тэрбум төгрөг, хүүгийн зардал 74.7 тэрбум төгрөг, татаас 41.2 тэрбум төгрөг, урсгал шилжүүлгийн зардал 146.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан байна.
Төсвийн хэмнэлт: Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төсөл 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлагдаж  хөшөө дурсгал, угтах хаалга, дэд болон орлогч дарга нарын орон тоо, автомашины хэрэглээг хязгаарласан нь төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, төрийн  үрэлгэн байдлын эсрэг соёл, чиг хандлагыг тогтоох эерэг үр дагавартай болсон.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2022 онд урсгал зардлаас 189.1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 156.4 тэрбум төгрөгийг тус тус  хэмнэсэн бол  2023 оны төсөвт нэг их наяд төгрөгийн зардлын нөлөөлөл үүсэх байсныг зогсоож чадсан байна. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1376 төсөл, арга хэмжээний 1,697.3 тэрбум төгрөг батлагдсанаас, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1369 төсөл, арга хэмжээний 1,393.7 тэрбум төгрөг, “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтөд долоон төсөл, арга хэмжээний 303.6 тэрбум төгрөг тус тус батлагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 1,539.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноор 90.7%-тай гарсан байна.
 
“Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлнэ
 
Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан,
Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх, Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх, Дархан-Уул, Ховд аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, Их, дээд сургууль, шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад Улсын төсөв, Засгийн газар хоорондын гэрээ, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, захиалагчийн болон техникийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг салбартаа зохион байгуулах боломжийг судлан танилцуулж шийдвэрлүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэл, орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг Хөшигийн хөндий, Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Өмнөговь аймгуудад “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-оор төлөвлөн хөгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сургалт, судалгаа, технологи үйлдвэрлэлийн орчинг бий болгон дэлхийн түвшний боловсон хүчнийг эх орондоо бэлтгэхээр зорин ажиллаж байна.
 
Зарим албан тушаалтныг чөлөөлж, томилов

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө.
Төрийн нарийн бичгийн дарга нар:
Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын, Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
Засгийн газрын агентлагийн дарга нар:
Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын, Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын, Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын, Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын, Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын, Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын, Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын, Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын, Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын, Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын, Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын, Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын, Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын, Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Томилгоо:
Мөн тус хуралдаанаар Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар,  Жаргалын Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар  тус тус томилов.
 
Товч мэдээ
·      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар сольж бүрэн ашиглалтад оруулах ажлыг 2023-2024 онд эрчимжүүлж, төслийн санхүүжилтийн хугацааг сунгах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд даалгав.
 
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН