УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг угтан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн иргэдэд хандан үг хэллээ.
Тэрбээр,”Та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох гэж байна. Санал авах ажиллагаа маргааш буюу 2020 оны 6 дугаар сарын 24-ний Лхагва гаригт өглөөний 7 цагаас үдшийн 22 цаг хүртэл явагдана. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, Мэдээллийн технологийн баг, холбогдох ажлын хэсгүүд байгуулагдаж, нийт 35 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2 сая 626 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Саналын хуудас, бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг санал авах байруудад хүргээд байна.
УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч, нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2070 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгээд байна.
Иргэд, сонгогчид оо!
СЕХ-ны нэрийн өмнөөс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцохыг Та бүхэндээ хандан уриалж байна. Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!” гэлээ.