Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар ажиллах Мэдээллийн технологийн багийн ахлагч, гишүүдэд зориулсан сургалт өчигдөр (2024.08.22) эхэлсэн.
Мэдээллийн технологийн багийн ахлагч, гишүүдэд Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn) цахим системийн ашиглалт, сан бүрдүүлэх, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, санал тоолох төхөөрөмжийн иж бүрдлийг ашиглах талаар мэдээлэл, сургалт хийж арга зүйн зөвлөмж өгч байгаа юм.
Мэдээллийн технологийн багийн ахлагч, гишүүд сургалтын эхэнд хамтран ажилладаг үүрэн холбооны “Мобиком”, “Юнител”, “Жи Мобайл” болон “Ай Ти Зон”, “Интерактив” компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм.
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn) цахим системийг ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх талаар уг системийг хөгжүүлэгч “Интерактив” ХХК-ийн мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт хийлээ. Тодруулбал, Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-ийн хэрэглэгчийн удирдлагаар хэсгийн хороодын эрх үүсгэх, шалгах, албан хаагч томилох, хүсэлт цуцлах, үнэмлэх хэвлэх болон хэрэглэгчийн дүр үүсгэх, тохируулах, эрхийн тохиргоо хийх талаар “Интерактив” компанийн Бүтээгдэхүүний менежер У.Наранханд, Э.Ундрал нар сургалт, дадлага хийв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт болон нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэл, хариуцан ажиллах ажилтныг нь бүртгэж, мэдээллийн санг ашиглах эрх үүсгэх, менежер, шадар туслах, ухуулагч, ажиглагчаар бүртгэх, үнэмлэх хэвлэх, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгсэл бүртгэх, гэрчилгээ хэвлэх талаар сургалтад оролцогчид мэдээлэл авч, дадлага хийсэн юм.
Зөөврийн саналын хайрцгаар санал өгөх бүртгэлийг цахим санд хийх, чиглэл, сонгогч бүртгэх болон санал тоолох төхөөрөмж, саналын хуудасны зарцуулалт бүртгэх талаар Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn) хөгжүүлэгчид мэдээлэл, зааварчилгаа өглөө.
Сургалт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдлийг ашиглах талаар үргэлжилнэ.