Улс төрийн нам санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагын дагуу гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан. Улс төрийн намын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэх, хариуцсан ажилтыг чадавхжуулах, тайлангийн чанар, үзүүлэлт, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран ажиллахаар болж, Санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар нар гарын үсэг зурав.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, намын санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд мэргэжлийн институтийн хувьд арга зүйн чиглэлээр хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийллээ. Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж намыг бодлогын институт болгохоос гадна Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм.
Нягтлан бодох бүртгэлийн стандартыг баримталж, ил тод байдлыг бүрдүүлэн олон нийтийн мэдэх эрхийг хангах замаар эрх ашгийг нь хамгаалах зорилго юм. Нийгэмд үйлчилдэг, нягтлан бодох бүртгэлийн үндэсний мэргэжлийн байгууллагын хувьд улс төрийн намын санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг хангахад гишүүд байгууллагуудаа оролцуулах, сургалт мэдээлэл зохион байгуулах зэрэг бүхий л хэлбэрээр хамтран ажиллах боломжтойгоо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар илэрхийллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд улс төрийн намын төв болон дунд шатны байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан ажилтанд сургалт зохион байгуулахаас гадна нягтлан бодох бүртгэлд чанарын хяналт, гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, нягтлан бодох бүртгэлийн чанар, үр нөлөөг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан, хамтарсан судалгаа, шинжилгээ хийхээр тохиролцов.
Санамж бичиг байгуулах уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн дэд захирал М.Давааням болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.





