Нүүр хуудасМэдээСЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгнө

СЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгнө

Монгол улс саарал жагсаалтад орсон асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг хамаатуулж, ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдсан. Яг одоо төрийн ордонд Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Харин өнөөдөр өглөө СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдлээ.

С.ДАВААСҮРЭН: “Миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэснээр үр өгөөж нь энэ цагтаа ч, ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.

Үүнээс илүү том асуудал нь төрийг товхинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Асуудлын гол гь 500 гаруй ББСБ, 200 гаруй ХКХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад ороогүй гэдгийг онцоллоо. Мөн Санхүүгийн Зохицуулах Хороо банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирснийг өгүүлээд, өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласны үр дүнд санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оны II улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахад санхүүгийн салбар 200 хувь өссөн гэж мэдээллээ.

Эцэст нь Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргад Монгол Улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрх ашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэдгийг энд онцлоод, Монгол төрд бугшсан бусармаг явдал, эрх мэдэлтнүүдийн чадваргүй байдал, улс төр ба төрийн албанд бий болсон зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэхээ илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН