Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан.

Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нийт 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг 6 бүлэгтэй хичээллэнэ. Нийт 66 багш ажилтантай. Нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдлөгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллана.

341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг юм.

Цэцэрлэгийн нээлтэд дүүргийн Засаг дарга Ц.Баттөр оролцож тус цэцэрлэгийн гадна авто зогсоолын асуудалд онцгой анхаарал хандуулж газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байгааг онцоллоо.