“Соёлын орон зай” арга хэмжээг аймгийн хэмжээнд есдүгээр сарын 10-ны өдөр аймгийн соёл, урлагийн салбарын байгуулллагууд хамтран зохион байгуулна.
Соёл, урлагийн ажилтны 29 дэх өдрийг тохиолдуулан “Соёлын орон зай” урлаг, соёлын олон нийтийн оролцоот хөтөлбөрт арга хэмжээнүүдийг иргэдэд нээлттэй зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хүрээнд Алтай чуулгын гадна талбайг соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй үзүүлэг, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлүүдээр тохижуулж, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн тоглолт, нутгийн авьяаслаг хүүхэд залуусын чөлөөт үзүүлбэрээр иргэдэд үйлчлэх юм.
Тодруулбал, Есдүгээр сарын 10-ны 11:00 цагт нээлтийн арга хэмжээ болж, баярын тоглолт, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, уламжлалт хоолны танилцуулга, худалдаагаар үргэлжлэх ажээ. Түүнчлэн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн дугуйлан, сургалтуудын танилцуулга, Open stage хүүхэд, залуучуудын чөлөөт үзүүлбэр болох ба мөн өдөр шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно хэмээн тус аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.