2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “M Bank Arena”-д зохион байгуулагдсан “Mongolian Economic Forum–Youth 2025: Ирээдүйн хөдөлмөр” арга хэмжээ “Rebuilding Trust: Co-Creating Mongolia’s Future” уриан дор болж, залуусын ирээдүйд зайлшгүй шаардлагатай ур чадвар, ажлын байрны чиг хандлага, нийгэм-эдийн засгийн шинэ боломжуудын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь Монголын эдийн засгийн форумын дэргэд зохион байгуулагддаг залуучуудын тусгай форум бөгөөд 19 орны төлөөлөл, олон улсын экспертүүд, төр, хувийн хэвшлийн 500 гаруй зочин, 2000 орчим залуустай хамтран ажилласан өргөн цар хүрээтэй уулзалт болсон юм.
🟦 Хэлэлцүүлэг: “Ирээдүйн ажлын байр ба ур чадвар 2030”
Залуусын ирээдүйд шаардлагатай ур чадварын талаар өрнөсөн тус хэлэлцүүлгийг ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн үүсгэн байгуулагч Б.Батзориг чиглүүлж, “Гүнд Инвестмент” холдингийн Гүйцэтгэх захирал, Ж.Бат-Ирээдүй, СЭЗИС-ийн Доктор (PhD), Профессор Г.Батхуяг, Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч А.Энхбаясгалан, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар оролцож, технологи, олон салбарын нэгдэл, дижитал бүтээлч байдал, залуусын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, чадамжид суурилсан сургалтын хэрэгцээ, төрийн бодлогын чиглэл зэрэг ирээдүйн ажлын байрын чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо.
Сайд Ч.Ундрам хэлэхдээ:
“Монголын эдийн засгийн форум сүүлийн жилүүдэд зохион байгуулагдахдаа залуучуудын тусгай арга хэмжээг хамтад нь зохион байгуулж ирсэн. Дэлхийн эдийн засгийн форум ч мөн адил залуучуудын арга хэмжээтэй байдгийг бид мэднэ. Ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой. Учир нь залуус бол улс орныг авч явах дараагийн үеийн төлөөлөл тул бодлогын түвшинд тэдний оролцоог хангах нь чухал гэж үзэж байна.
Миний хувьд залуусын өмнө тулгарч буй олон асуудлаас хамгийн чухал нь ажлын байрны асуудал юм. Судалгаанаас харахад залуучуудын 30–40 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажил эрхэлж чадахгүй байна. Ажил олгогчдын зүгээс залуус ажлын байрны шаардлагыг хангахгүй байна гэж үздэг бол, залуучуудын зүгээс тухайн ажлын байр нь тав тухтай орчин, суралцах боломж, хүний эрхэд нийцсэн харилцааг хангасан байхыг хүсдэг.
Харамсалтай нь, ажил олгогчид залуусыг цалин авч байгаагаар гол хэрэгцээ хангагдаж байна гэж ойлгох нь бий. Гэтэл залуучуудын хувьд цалин төдий биш, тэд өөрийгөө хөгжүүлэх, урам зоригтой ажиллах орчныг чухалчилдаг. Иймээс талуудын ойлголтын зөрүүг арилгах шаардлагатай байна.
Мөн залуусыг байгалийн ухаан, инженерчлэл, технологи, мэдээллийн технологид суурилсан мэргэжлүүд рүү чиглүүлэх төрийн бодлогыг цаашид идэвхтэй дэмжих шаардлагатай. Үүнээс гадна сургуулиа аль хэдийн төгссөн залуусыг чадамжид суурилсан сургалтад хамруулах замаар өнөөгийн технологийн эринд нийцсэн ажлын байртай байх, цаашлаад өөрсдөө компани байгуулж, санаачилга хэрэгжүүлэх боломжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид хэлэлцэж, санал солилцсон нь залуучуудад бодит үр нөлөөтэй, чухал хэлэлцүүлэг болсон гэж бодож байна.”
“MEF Youth 2025” арга хэмжээ нь залуусын дуу хоолойг төрийн бодлогын төвд хүргэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, мэдлэг, урам зориг, оролцоог нэмэгдүүлэх бодит талбар болж, шинэ үеийнхэнд итгэл төрүүлсэн, үр өгөөжтэй хэлэлцүүлэг, уулзалт боллоо.