Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаж байсан бол 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлснээ зарлалаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд хамгийн түрүүнд эзэн Чингис хааны байгуулсан Хархорум хотын туурь дээрээс Үндэсний хэмжээний цогц экспедиц Цогт их сүмийг сэргээх, хуучин хотын туурь дээр Ил музей байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хуучин хотын туурь дээр Ил музей байгуулах ажлыг Чингис хаан үндэсний музей манлайлж, ШУА-ийн харьяа мэргэжлийн хүрээлэнгүүд, эрдэмтдийн зөвлөл хамтран үндэсний шинжилгээний ангийг хэрэгжүүлэхээр боллоо.