Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиосон 3 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны буцалтгүй нөхцөлтэй хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөл буюу Шинэ номын сангийн барилгын шав тавигдлаа.

Уг төслийн хүрээнд олон улсын жишиг бүхий 2500 метр квадрат 4 давхар номын сан баригдсанаар иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдэж, соён гэгээрлийн томоохон орон зай болох юм.
