Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт, явцтай танилцахаар Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Норр Ахмед болон Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Албан томилолтын хүрээнд Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн ба Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутгийн чухал төв болгон хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, хөгжлийн дараагийн шатанд хүргэх асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар АХБ болон олон улсын хөрөнгө оруулагчдад илтгэл тавьж, монгол орны давуу тал, нээлттэй боломжийг танилцуулав.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд:

– Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Хөвсгөл нуурын дагуу нийт 37,9 км зам, зогсоол;
– Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа/жуулчны мэдээллийн төвийн барилга;
– Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар руу нэвтрэх төлбөр авах байгууламж;
– Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор худалдааны лангуу бий болгох мөн хатуу хог хаягдлын ландфилл байгууламж, жижиг оврын бохир ус цэвэрлэх байгууламжуудыг барьж байгаа билээ.
