Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4% өсөлт хоцролттой, 1.5% тураалтай, 11.3% илүүдэл жинтэй, 1.3% туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Тав хүртэлх насны хүүхдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага (3.9%), харин том жинтэй төрөлт 11.8% байв. Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3%) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна.
Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1 нь төмөр дутлын цус багадалттай байна. Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1% ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8% уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв. Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч, 6–23 сартай хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна. Мөн 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 орчим (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв. Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.