Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр 4, 9, 21, 27, 32, 38, 41...

СХД: Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр 4, 9, 21, 27, 32, 38, 41 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 10-12 цагийн хооронд дүүргийн Засаг дарга иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж буй. Өнгөрсөн долоо хоногт буюу 02 сарын 06-ны өдөр иргэдтэй уулзаж дараах асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал иргэдээс бохир тээвэрлэлт удаан байгаа талаар хүсэлт ирсний дагуу ханын материалын эцэст байрлах ХМК-500 коллекторын 15 дугаар худагт бохирын машин ус асгах түр цэгийг нээх асуудлаар УСУГ-т албан бичиг хүргүүллээ.

24 дүгээр хорооны иргэний өргөдлийг судалж үйл ажиллагаа эрхэлдэг газарт дүүргийн Засаг дарга болон бусад холбогдох хүмүүс ажиллаж тухайн байршлын цахилгааны хүчдэлийн уналттай айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр болов.

20 дугаар хорооны газар чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй 40 гаруй айл өрхийн хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бусад хүсэлт гаргасан иргэдийн санал хүсэлтийг үе шаттайгаар шийдвэрлэж, холбогдох алба хэлтэст нь уламжлан ажиллаж байна.

Өнөөдөр дүүргийн Засаг дарга 4, 9, 21, 27, 32, 38, 41 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, шалгуур хангаж буй тэтгэврийн насны ахмадуудыг хүүхэд хамгааллын байцаагч, нийгмийн ажилтны орон тоонд томилон ажиллуулах, өрхийн орлого бага иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг гадаадын үзэсгэлэн, экспод хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар Засаг даргад санал уламжиллаа.

Дүүргийн Засаг даргын зүгээс иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох газар хэлтэст шилжүүлж богино хугацаанд шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгаврыг өглөө. Мөн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийн хүсэлтийг Нийслэлийн холбогдох байгууллагад уламжилна гэдгээ хэллээ.

Иргэд та бүхэн Засаг даргын Тамгын газрын иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 70173317 дугаарын утсаар холбогдож иргэдтэй хийх уулзалтад оролцох боломжтой. Мөн дүүргийн албан ёсны цахим сайт болох www.shd.ub.gov.mn цахим сайтаар дамжуулан санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70173317 дугаарын утсаар лавлана уу!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН