Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай халиа, дошин хайлж их хэмжээний ус тогтож нөхцөл байдал хүндэрсэн хороодод өнөөдөр ажилласан. Тэрбээр усанд автсан айл, өрхийн гишүүдтэй уулзаж тус хороонд ажиллаж буй ажлын хэсгийнхэнд бүхий л нөөц боломжоо дайчлан хашаанд тогтсон усыг соруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг усанд автуулахгүй байх арга хэмжээ авах, гэрийн ихэнх хэсэг нь усанд автсан болон цаашид автах эрсдэлтэй айлуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн 47 албан хаагч, 10 автомашинаар усанд автсан айл өрхийн гэрийг буулгаж, нүүлгэх ажлыг зохион байгууллаа.
Албан хаагчид одоо ч үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Тэд өнөөдөр өглөөний 08:00 -21:00 цагийн хооронд айл өрхүүдийн хашаа, нийтийн эзэмшлийн талбайд тогтсон усыг соруулж, мөсийг сэтлэн зөөвөрлөж иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.
Гэвч халиа, дошин их хэмжээгээр үүсэж булгийн эх, ундаргын тогтворгүй байдал алдагдах нь байгаль, цаг уурын онцлогоос шууд хамааралтай болохыг сануулъя.