Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас бага ангийн сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд түрээсийн байранд хичээллэхээр болсон. Гэвч сургуулийн эцэг, эхчүүд тус шийдвэрийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа.
Энэ дагуу СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар 62 дугаар сургуулийн түрээсийн байрны нөхцөл байдалтай танилцаж сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөллийн санал хүсэлтийг сонслоо.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан холбогдох албаныхан болон эцэг, эх, сургуулийн захиргаатай хэд, хэдэн удаа зөвшилцөж 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орох хүртэл үндсэн сургууль дээр 1-3 дугаар ангийн сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхээр болов. Мөн 4 дүгээр ангийн 6 бүлгийг 10 дугаар хороонд шинээр баригдсан 169 дүгээр сургууль руу зориулалтын хүүхдийн автобусаар зөөвөрлөн түрээсийн байранд хичээллэхгүй байх шийдвэр гаргалаа.
СХД-ийн 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 85 хувьтай хийгдсэн ч 2022 оноос санхүүжилтийн асуудлаас болж бүтээн байгуулалтын ажил зогсоод байгаа. Барилгын ажлыг үргэлжлүүлж бүрэн ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар болсон бөгөөд Нийслэлийн удирдлагууд тус сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэн аравдугаар сард ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.