Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийг Засаг даргын Тамгын газраас “Монгол Японы соёлын өдөрлөг”-ийг хүүхэд залуучуудын театрын гадна талбайд зохион байгууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Изүнокүни хотын дарга Ямашита Масаюки тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ болон Изүнокүни хотын дарга Ямашита Масаюки, ИТХ-ын дарга Сүзүки Тошихарү, хотын иргэдийн төлөөлөгч бөгөөд Найрамдалт хотын холбооны дэд ерөнхийлөгч Амано Саёори бусад албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтаар төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар санал солилцлоо.

Найрамдалт хамтын ажиллагааны хугацаанд Изүнокүни хотоос 299, Сонгинохайрхан дүүргээс 265 зочид төлөөлөгчид албан айлчлалыг хийгээд байна. Мөн сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас жил бүр 17 сурагч манай улсад ирж нүүдэлчин ахуй, соёлтой танилцаж аялжээ.
