Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Канад Улсын Стандартын Зөвлөлийн гүйцэтгэх захирал хатагтай Шанталь Гуэй нар хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2025 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлав.
Канадын Стандартын Зөвлөл болон Стандарт, хэмжил зүйн газар хоорондын хамтын ажиллагаа 2010 оноос эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд мэргэжилтэн солилцох болон туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлж, стандартын чиглэлээр сургалт, семинарыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж байсан юм.

Ижил төстэй уур амьсгалтай орны хувьд авто зам, барилгын салбарт тус улсын стандартыг нутагшуулах талаар ажил зохион байгуулж өнөөдрийн байдлаар Монгол Улсад ой мод, барилгын салбарт нийт 11 Канадын стандартыг орчуулан, хэрэглэж байна.
Шинээр баталсан ажлын төлөвлөгөөнд хууль эрх зүйн хүрээнд стандартчиллын үйл ажиллагаатай холбоотой сайн туршлага, мэдлэгийг хуваалцах, олон улсын болон бүс нутгийн стандартчиллын байгууллагуудын үйл ажиллагаа, ажиллах зарчмын талаар санал солилцох уулзалтуудыг зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах, зам тээвэр, барилга, хиймэл оюун ухааны салбарын стандартыг солилцох чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.