Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ.
Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь ийнхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагынхан гаргаж байгаа аж. Эдгээр газруудыг чөлөөлж олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хотын Захирагч санаачилж үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх зургаадугаар сарын 05 гэхэд дуусгах аж.