Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн сард бид фитнесс клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу ААН-үүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр болсон. Фитнесс, амралтын газрууд зөвлөмжөө дагууд явж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн.
Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдийн санал их ирж байгаа. Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах шийдвэр гаргах боломжгүй. УОК, холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх.
Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангахгүй байна. Уг нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд ААН-үүдэд боломж олгосон. Харамсалтай нь ариутгал халдвагүйжүүлэлтээ хийхээс эхлээд, төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөхгүй байна. Нөгөө талаар мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байгаа нь харагдлаа.
ААН-үүд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой, эмнэлгийнхнээ нэмж ажлаар дарах шаардлагагүй гэж үзлээ.
Маш их ачаалалтай, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүн, эрүүл мэндээ хамгаалах үүргээ биелүүлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, хувь заяаг энд тэнд хийх юмаа олж ядсан задарсан хүмүүсийн жаргал нь дэндсэн үйлдлээр эрсдэлд учруулах боломжгүй. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй гэж үзлээ.
Залуучууд маань бодит эрсдлийг тооцож чадахгүй байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй.
Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын уялдааг хангах чиглэлд ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн ЗТДГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай ханд” гэлээ.