УОК ын дарга, шадар сайд С. Амарсайханы эхнэр ХӨСҮТ буюу цар тахлын өндөр эрсдэлтэй улаан бүсэд ээж, аавынхаа сахиураар очоод нэг хоног болоод гарсан гэх асуудалд шадар сайд өөрийн биеэр тайлбар өглөө.
Тэрбээр “Манай эхнэрийн аав, ээж нь 80 нас давсан хүмүүс байдаг. Хадам аав маань бүрэн асаргаанд байх шаардлагатай. Тэдний хаанаас халдвар авсан нь тогтоогдохгүй байдлаар өвчилсөн байсан. Манай эхнэр аав, ээжтэйгээ очиж уулзсан болохоор хавьтал болж тусгаарлагдсан. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд халдвар хамгааллын дэглэмийг эрх мэдлээ ашиглан зөрчсөн зүйл байхгүй. Эхнэр маань одоог хүртэл тусгаарлалтад байгаа, энэ хугацаанд 2-3 удаа шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Би эхнэртэйгээ 10 гаруй хоног уулзаагүй байна” гэлээ.
Мөн хариуцлага хүлээхэд сандал ширээтэй зууралдахгүй, харин шийдэх газар нь шийдэх учиртай гэж хэллээ. Гэхдээ цар тахлын хүнд үед улс төржүүлж асуудлыг хүндрүүлж байгаа өөрийн болоод бусад намын хүмүүсийг мэдэж байгаа тул удахгүй тэднийг ч зарлана хэмээн мэдэгдсэн юм.